ХЭН ЮУ ХЭЛЭВ I Долоон буудлын худалдаа эрхлэгчидтэй хэлэлцээнд орно

2024 оны 11 сарын 20

Энэ удаагийн "ХЭН ЮУ ХЭЛЭВ" буланд УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Хотын дарга Х.Нямбаатар, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нарын хэлсэн үгээс онцолж байна.


УИХ-ын гишүүн Б.НАЙДАЛАА:

-Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулах талаар танилцууллаа. Улстөржилтийн улмаас олон жилийн хугацаанд төсөл нь гацаж, төмөр замаа холбох боломжгүй болсон. Үүнээс шалтгаалж олон тэрбум ам.долларын, их наяд төгрөгийн орлогоо алдсан том асуудал бий. Зарчмын хувьд хэлцэлийг яаралтай хийгээд, улстөржиж талцахгүйгээр төмөр замаа холбох ёстой гэж үзэж байгаа. Улстөржсөний гайгаар яаралтай хэлцэл ч багадаа 2.5 жил шаардахаар байна. Төмөр замыг яаралтай холбож байж Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх боломж бүрдэнэ. Тиймээс төмөр замыг яаралтай холбох шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Хотын дарга Х.НЯМБААТАР:

-Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд ойрын хугацаанд 300 айлтай зөвшилцөх хүлээлттэй байгаа. Хамгийн томоохон хэлэлцээрт орох айлууд бол Долоон буудлын эцсийн нэг давхар худалдаа үйлчилгээ эрхэлдэг объектууд юм. Үүнийг бид ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулахаар төлөвлөж байна. Уг төслийн санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд газар чөлөөлөлт амжилттай явж байгаа. Мөн бүтээн байгуулалтын барилгажилтад төрийн өмчийн компани бус хувийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна. Тендерийг арванхоёрдугаар сард зарлана. Иймд үндэсний бүтээн байгуулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.БАТБИЛЭГ:

-Иргэд нийгмийн сүлжээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АТГ тэр албан тушаалтныг хориод гаргалаа гэсэн мэдээллийг авдаг. Ялангуяа олон нийтээс 48 цаг баривчлаад гаргачихлаа, яагаад үргэлжлүүлээд хорьдоггүй юм бэ, тэгвэл яах гэж саатуулдаг юм бэ гэх зэргээр шүүмжлэлтэй ханддаг. Хуулиар бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах, оргон зайлах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах зорилгоор дээрх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хувьд бусад төрлийн гэмт хэргүүдээс ялгаатай, онцлог зүйл бий. Хахууль авсан, эсхүл албан тушаалаа урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн этгээдээс мэдүүлэг аваад явуулахад ямар үйл баримтыг шалгаж байгаа мэдээллийг задлах, түүнтэй холбоотой нотлох баримтуудаа устгах, засаж өөрчлөх, хуурамчаар үйлдэх, гэрч, хохирогч дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөх явдал түгээмэл байдаг. Авлигын гэмт хэрэгт сэжигтнийг хуульд заасан үндэслэл, хугацаагаар баривчилсан тухайн цаг хугацаанд мөрдөгчийн зүгээс цаг хугацаатай уралдаж, нотлох баримтыг шуурхай бэхжүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг цаг алдалгүй явуулж байгааг хэлэх нь зүйтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.164) 2024 оны 11 сарын 20

Хотын дарга утаагаа яриач өөр юм яриад бултаад байхын

0  |  0
Top