ОЛОН ӨНГӨ I Өнгөтийг эзэмдэх хүч бүсгүй хүнд буй

2024 оны 11 сарын 21

Эрэгнэгтэй бол гэртэй. Эрэгнэг дээр энэ амьдрал багтана. Тэгэхээр эмэгтэй хүнээс эргэх хорвоогийн амьдрал хамаарна гэсэн үг. Эрчүүд яах вэ зайлуул, илүү нарийн зүйл мэдрэх биш ихэд бүдүүн тойм улс. Сайхан хүүхэн, сайхан морь, сайн сархад, сайн унаа, сатаарах тоглоом наадгай гээд сайрхаж л бодох юм нь тэгэсхийгээд дуусчихана. Энэ айл сайхан саар явахын эгзэг бүсгүйн нуруун дээр тогтдог. Эцсийн шалгуурт эм хүн л торойж үлдэж, тулгат гэрээ тулж хоцрох нь элбэгтэй. Тууштай тулгуурт бүсгүйчүүд бүдрэлгүй үлддэг.

Бүсгүй заяаг бүгд өрөвддөг ч энэ нь их л эндүүрсэн дүгнэлт. Үнэндээ өнгөтийг эзэмдэгч, эзэрхийлэгч хүч эмэгтэй хүнд буй. Ялалтын хаалга ямагт эмэгтэй хүнийг тосож авдаг нь тэдний тэвчээр зүтгэлийг тоосных. Хорвоод бэрх хүндийг туулдаг ч, бэгцийж гагцаар зүтгэдэг ч эцсийн ялалт тэдний талд байдаг. Ээж аавдаа эрдэнэ шиг хайрлагдсан бол энэхүү амьдралын давалгаанд тэр хайрыг дахин амтлахгүй. Арав дахин атийж амьдардаг. Хорь дахин хотойж явдаг. Алсын бодолдоо амьдралаа, алаг үрсээ бодож бүсгүй хүн хахир орчлонг бардаг.

Хамгийн хатуужилтай, халуун сэтгэлтэй, алаг үрcдээ халамжтай, мятрашгүй, мяндсан ухаантай байх хатдын бүрэлбаатай нь холбоотой. Бүсгүй хүнийг зовооосон эр бүрэн жаргадаггүй. Зодож нүддэг бол золгүй эр. Зовлон өөрт нь л хураагдана. Хүндлэлээ алдана. Хүрээ нь хумигдана. Хөcөрт унана. Хугацаагүй ялд тооцогдоно. Тэнд ч биш энд ч биш болно. Тэг хэмээ алдана. Тэргүүн cуурь нь ганхана. Тэнүүлчээc ялгаагүй болно. Будаггүй хорвоог туучин явахад ээж шиг илбэтэйг нь, энэрэлтэйг нь олж хараагүй, ээжийг орлох шидтэнг шилж хайгаад таараагүй. Ээжээс хойш энэрэх хүнгүй л, ааваас хойш аргадах хүнгүй л болдог хорвоо. Ийм л байна.

Н.Дуламсүрэн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top