ОЛОН ӨНГӨ I Алсын уулсын орой, бэл нуга цайлалзана

Алсын уулсын орой, бэл нуга нэлдээ цайлалзана. Жаахан жаахнаар хялмаа өглөө бүр хаялсаар өрхний оосор цантуулан хонин туур, шувууны хөлний хээ тодруулсан цастай л өглөө байна даа. Уулсын сайхан нь нөмөр нөөлөг, бэлчээр усандаа л байх юм даа. Зун нь уулынхаа бэл суга, жалга гууны өвсийг хайрлаж, өвлийн бэлчээрт хадгалдаг маань ан амьтныхаа идэш тэжээлд санаа тавьж ирсэн ардын маань ухаан байж ээ. Ууландаа өтгөн борогтой бол тэгтлээ хангайн амьтад малын бэлчээр рүү ойртож ирдэггүй, бараа сүрээ ч харуулдаггүй байгальдаа тааваар өвөлждөг байсан. Одоо хадлан авах гээд ав ангийнхаа бэлчээрийг хадчихдаг юм биш байгаа даа гэж санаа зовох.

Ес эхлэхээр л ертөнц өвлийн өнгөө олж өлчир балчруудын чих чимхийж, үнэгэн лоовуузын үс сортон цаанаа л жаварлаг сайхан байдаг сан. Өнөө жил дулаахан тайвуун сайхан байна даа. Ерөөсөө зун нь хур бороо элбэгтэй, хурсан буян арвин байсных мал ч тарган, сүүү сааль ч арвин хураасны шим айл бүрд л мэдэгдэж байгаа даа. Буянт малын хишиг хэчнээн арвин элбэг билээ дээ.

С.Оюунчимэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top