“Хэн юу хэлэв” булангийн энэ удаагийн дугаарт Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын байр суурийг онцоллоо.
Шадар сайд С.Амарсайхан:
-Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийн асуудлаар өчигдөр бизнес аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй Эдийн засаг, хөгжлийн яамны ажлын хэсгийн ахлагч нартай хамт уулзаж, ярилцлаа. Өнөөдөр энэ асуудлаар Л.Гантөмөр сайд танилцуулга хийж, энэ хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулах, хэлэлцээрийг цааш нь үргэлжлүүлж үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын саналыг нарийвчлан тусгах, нөгөө талаараа экспортлогч аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн санал бодлыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотооддоо үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ дэмжих, хэрэглэгчдийнхээ хэрэглээг хамгаалах, олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг чанартай нийлүүлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх агуулгаар хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, аж ахуйн нэгжүүдийнхээ саналыг тусган, харилцан ойлголцсон ийм нөхцөлд хийх ёстой гэдэг агуулгаар хэлэлцээр хийх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:
-Монгол Улсын иргэн жагсаал хийх бол 48 цагийн өмнө мэдэгдэх шаардлагатай. Зөвшөөрөл авсан гэх хариу авах шаардлагагүй. Цагдаа нар иргэдийн аюулгүй байдлыг нь хангаж ажиллана. Нийтийн зам дээр дураараа жагсаж болохгүй. Хотын даргын тушаалаар жагсаалыг албадан тараадаг байсан бол нутаг дэвсгэрийнх нь ЗДТГ-аас хууль бус жагсаалыг албадан тараана.
Хүний эрхийн 10 гаруй багц хуульд олон улсын байгууллагын санал зөвлөмжийг тусгаж байсан. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль анхны хэлэлцүүлгээс маш их өөрчлөгдсөн. Бид өргөн хэлэлцүүлэг хийж, олон улсын хоёр байгууллагатай онлайн хурал хийж, зөвлөмжийг авсан. Анхны хэлэлцүүлгээр шүүмжлэлд өртсөн 90 орчим хувь нь өөрчлөгдсөн. Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй болно. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийн байгууллагын эзэмшлийг ил тод болгоно. Илт худал мэдээлэл тараах гэдэг зохицуулалтыг нарийвчилж тусгасан.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Төрийн албаны хуульд өөрчлөлт олруулж, бүх шатанд докторын зэрэг дээр цалингийн нэмэгдэл өгдөг асуудлыг болих хэрэгтэй. Докторын зэрэг бол тухайн албан тушаалд тавигдах шалгуур байж болохоос биш цалин хөлс нэмэгдүүлдэг шалгуур биш. Хүнийг төгссөн сургуулиар нь ялгадаг процедурыг Монгол төр тогтоож ирсэн. Сүүлдээ боловсролын чанартаа өөрчлөлт оруулаад баахан хуурамч докторууд бий болоод тэтгэвэрт гарахаас тав, зургаан жилийн өмнө цалингийн 20 хувийн нэмэгдэл болгож авах гэж явдаг. Цаашид шүүх гэлтгүй бусад салбарт ч анхаарахгүй бол докторын нэмэгдлийг 20 хувиар тооцож олгодог систем төрийн бүх л албанд хэрэгжиж байна. Энэ бол тухайн албан тушаалд томилогдох хүнд тавигдах шаардлага байж болохоос биш цалин нэмэгддэг шалгуур бол биш.
Сэтгэгдэл ( 0 )