Ирэх онд хиймэл оюун, сансар судлал, байгаль орчны хамгааллын салбарт үсрэлт гарч, эрчим хүчний шинэ төрөл гарна гэсэн хүлээлттэй байна.
Хиймэл оюун ухаан шинэ эм бүтээхэд тусална
1960-аад онд эм үйлдвэрлэлийн салбарын судалгаа, шинэ боловсруулалтад оруулсан нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шинээр есөн төрлийн эм, бэлдмэл гаргаж авах боломж олгодог байсан. Харин 2024 онд нэгхэн эм, бэлдмэл шинээр гаргахад энэ хэмжээний хөрөнгө оруулалт хангалтгүй болжээ.
Шинээр эм гаргаж авахад есөн жилийн хугацаа, хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг байна. Эрсдэл ч тэр хэрээр өндөр байдаг аж. Эмнэлзүйн туршилтад орсон шинэ эм, бэлдмэлийн дөнгөж 10 хувь холбогдох яам, агентлагийн зөвшөөрөл авдаг байна. Сүүлийн арван жилд АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарыг хянах газар жилд дунджаар 53 эм, бэлдмэлд зөвшөөрөл олгож байжээ.
Харин хиймэл оюун ухааны салбарын шинжээчид хиймэл оюун шинээр эм гаргаж авах үйл явцыг түргэтгэхээс гадна өртгийг нь бууруулах чадвартай гэж үзэж байна. Энэ нь эм үйлдвэрлэгчдэд ч тэр, өвчтөнүүдэд ч тэр ашигтай.
Хиймэл оюун ухаан асар их мэдээллийн тусламжтай эмнэлзүйн туршилтаас өмнөх үе шатанд эмзүйчдэд тухайн өвчин болон түүний байг ойлгоход тусалдаг байна. Үүнээс гадна хиймэл оюун илүү ирээдүйтэй молекулыг илрүүлж, бүтцийг нь маш нарийн тодорхойлох боломж олгодог. Генератив хиймэл оюун ухаан туршилтад зориулж цоо шинэ молекул бүтээх чадвартай. Тиймээс хэдэн сар үргэлжилдэг байсан туршилтыг хэдхэн цагийн дотор явуулах боломжтой болжээ.
Эрчим хүчний шинэ төрөл гарна
2025 оны сүүлээр SPARC халуун цөмийн реакторыг нээнэ. Нийт 140 мегаватт хүчин чадалтай реакторыг “Commonwealth Fusion” компанийн мэргэжилтнүүд зохион бүтээж байгаа.
2024 оны байдлаар, энэ чиглэлд 40 орчим компани нийт 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө төвлөрүүлээд байна.
Хүмүүс сарыг тойрч нисэх боломжтой болно
2025 оны сүүлээр сансрын нисэгчид хагас зууны дараа саран дээр буцаж очно. АНУ-ын “Artemis” хөтөлбөрийн анхны жолоодлоготой нислэгийг 2024 оны сүүлээр үйлдэхээр төлөвлөж байсан ч “Orion” сансрын хөлгийн зарим техникийн асуудлаас болж нислэгийг хойшлуулаад байна.
Техникийн асуудлыг шийдэж чадвал 2025 оны сүүлээр дөрвөн сансрын нисэгч “Orion” хөлгөөр арван хоног үргэлжлэх туршилтын нислэг үйлдэнэ. Тэд саран дээр буухгүй ба сарыг тойрсны дараа эргээд эх дэлхийдээ буцах юм.
Саран дээрх роботууд, 4G сүлжээ
Сансар огторгуй зөвхөн засгийн газрын агентлаг төдийгүй хувийн компаниудад нууцаа дэлгэж байна. Ирэх жил “SpaceX” компани “Starship” хөлгийнхөө туршилтыг үргэлжлүүлэхээс гадна хиймэл дагуулын “Starlink” сүлжээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ тус компани шууд холболтын функцийг нэвтрүүлэхээр зэхжээ. Үүнтэй зэрэгцэн “Amazon” компани өөрийн гэсэн “Kuiper” нэртэй хиймэл дагуулын системийг мөн хөөргөхөөр төлөвлөж байна.
Харин “Rocket Lab” компани олон удаа ашиглах боломжтой “Neutron” пуужин туршина. Ирэх нэгдүгээр сард робот бүхий хэд хэдэн хувийн нислэгийг сар руу үйлдэнэ.
НАСА агентлагийн санхүүжилттэй “IM-2” хөтөлбөрийн хүрээнд “Intuitive Machines” компанийн сарнаа явагч “Nokia” компанийн боловсруулсан 4G суурь станц ашиглах юм. Ингэснээр, сарны өмнөд туйлын судалгааны мэдээллийн энгийн үүрэн холбоогоор солилцох боломжтой болох юм. Хэрэв туршилт амжилттай болбол 4G технологи ирээдүйн сансрын нислэгийн чухал хэсэг болох юм. Өөрөөр хэлбэл сансрын нисэгчид ухаалаг утсаараа дэлхийтэй холбогдоно.
Үгүй болсон эртний эх сурвалжуудыг илрүүлнэ
МЭӨ 79 онд алдарт Помпеи хотыг булшилсан Визуви галт уул дэлбэрэхэд галт уулын халуун хий хөрш зэргэлдээх Геркуланум хотын номын санг үнсэн товрог болгосны улмаас грек болон латин бичмэл бүхий олон мянган үнэт хуйлмал бичгүүд нүүрс болон үлджээ. XVIII зуунаас хойш эдгээр текстийг сэргээн унших гэсэн оролдлого амжилт олоогүй. Зарим үед судлаачид хэдхэн үгийг олж унших боломж гарч байсан ч хуйлмал бичгүүд задран, дахин сэргээгдэх боломжгүй болдог байжээ. Харин 2023 онд судлаачид рентген төхөөрөмж болон хиймэл оюун ухааны тусламжтай хуйлмал бичгийн доторх текстийг уншиж чаджээ. Энэхүү текст нь Геркуланумд амьдарч асан Грекийн философич Филодемийн бүтээл болж таарсан байна. Ийнхүү нүүрс болсон хуйлмал бичгүүдийг уншсанаар өмнө нь хүртээл болж байгаагүй олон зохиол, бүтээлийг сэргээх боломжтой гэж үзэж байна. Номын сан байрлаж байсан эдлэн Юлий Цезарийн хадам эцгийнх байсан учир агуу удирдагчийн захидал илрэхийг үгүйсгэх аргагүй биз. Софоклын эмгэнэлт жүжиг, Салфогийн шүлгүүд, Ромын төрийн өдөр тутмын мэдээллийн товхимол, I зуунд Жүдэд даяанчилж байсан номлогчийн тухай гэрчийн яриа ч олдож магадгүй хэмээн эрдэмтэд амьсгаа даран найдаж байна.
Амьтад банканд данстай болно
Амьтад өөрсдийн банкандаа мөнгөө хадгалж, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалахад зарцуулж, улмаар амьд үлдэх боломжоо нэмэгдүүлдэг болбол яах вэ? Энэ бол технологийн “Tehanu” компанийн дэвшүүлж байгаа “төрөл зүйл хоорондын мөнгө”-ий санаа юм. Тус компани Руандад 19 уулын гориллын оролцоотой туршилтын төслөө хэдийн эхлүүлээд байна. 2025 онд энэ схемдээ тус улсад амьдардаг бүх горилл сармагчныг хамруулахаар төлөвлөж байна.
“Tehanu” компанийн систем нь мэдрэгч, хиймэл оюун ухааны тусламжтай амьтдын хэрэгцээг тодорхойлж, онлайн үйлчилгээний платформоор дамжуулан орон нутгийн иргэдэд амьтад болон тухайн экосистемийн хүсэлтийг биелүүлсний төлөө төлбөр олгодог байна. Тус компани хөрөнгө мөнгийг байгаль хамгаалалд ийм аргаар зарцуулах нь ил тод, үр дүнтэй төдийгүй тогтвортой ажлын байрыг бий болгож, амьтдыг хамгаалдгийг батлахаар зорьж байна. Хүмүүс царай таних системийн тусламжтай дижитал төлбөр тооцоо хийж байхад гориллууд яагаад чадахгүй гэж?
Сэтгэгдэл ( 0 )