Монгол Улс инновацын чадамжаар 132 орноос 68-д жагслаа

Автор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 15

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг инновацын тайланд Монгол Улс 68-д бичигджээ.  Инновацын тайлан судалгаа нь дараах 7 шалгуур үзүүлэлтээр инновацыг үнэлдэг. Үүнд, мэдлэг болон судалгааны үр нөлөө, хүний нөөц ба судалгаа, бизнесийн орчин, зах зээлийн орчин, бүтээлч үр дүн, дэд бүтэц,  хууль эрх зүйн орчин зэргийг харгалзан үнэлдэг юм.

Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, бизнесийн орчин, мэдлэг, технологийн уялдаа зэрэг үзүүлэлтээр бага оноо авч, хүний нөөц ба судалгаа, бүтээлч үр дүн зэрэг үзүүлэлтээр дунд зэрэг орнуудын тоонд оржээ. Харин зах зээлийн орчин үзүүлэлтээр хамгийн бага оноо авсан байна. Эдийн засгийн багтаамжаар нь авч үзвэл манай улс дунджаас дээгүүр орлоготой орнууд дундаа эхний 10-т жагсжээ.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичиг болон, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх замаар эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгоно гэж томъёолсон байдаг. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын инновацын жагсаалтад  Монгол Улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамгийн хурдан хөгжиж буй улс гэж дүгнэжээ.

Дэлхийн оюуны өмчийн байгууллага инновацийн чадамжийн тайлан судалгааг 2007 оноос эхлэн боловсруулсан түүхтэй. Үүнээс сүүлийн 13 жилд нь Швейцарь улс тэргүүлсэн юм. Энэ удаагийн тайланд мөн л Швейцарь улс тэргүүлсэн байна. Эхний 10 байрт ази тивээс Сингапур, Өмнөд Солонгос улс жагсжээ.

Эх сурвалж: WIPO / Visual Capitalist

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top