Төрийн өмчид ашиггүй, алдагдалтай ажиллаж байгаа компаниуд байх шаардлагатай юу, үгүй юу. Эсвэл нэгтгээд засаглалыг нь сайжруулах тухай асуудлыг УИХ, Засгийн газрын хэмжээнд хөндөх болсон нь зөв зүйтэй зүйл гэдгийг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ төрийн өмчийг эмхлэх, засаглалыг сайжруулна хэмээн хувьчлал нэрийн дор бултаар нь хөөж аваачих нь өрөөсгөл байх. Гашуун туршлага ч олон бий.
Төрийн өмчит 100 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаагаас өнгөрөгч 2024 онд ердөө хоёрхон компани ашигтай ажилласан гэх статистик бий. Гэхдээ яг эцэслэсэн дүн биш. Тэгвэл төрийн өмчит компанийн тоо жилээс жилд өөрчлөлт орж ирсэн нь өнөөх л засаглалын буруу явж байгаагийн хэлбэр. Зарим нэгийг нь улс төрийн шалтгаанаар хэн нэгэн улстөрч, аль нэгэн намд байгуулж өгөх зэрэг бэлэглэлийн замаар явж ирсэн. Тухайлбал, 2021 онд 104 байсан бол 2022 онд 105, 2023 онд 98, 2024 онд 143 гэсэн тоог өгсөн байна.
Гэтэл төрийн өмчийн мэдэлд үйл ажиллагаа явуулж байгаа 143 компаниас ердөө хоёр нь буюу “Эрдэнэс Тавантолгой”, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр хоёр л ашигтай ажилласан байх юм. Бусад нь алдагдалтай ажиллаж байгаа ч өндөр цалин харамжтай шахааны нэгэн талбар болж байгаагаас харахад төрийн өмчид ямар нэг компани байх хэрэг алга. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн улстөрчид, аль нэгэн намыг татвар төлөгчдийн мөнгөөр ийн дэмжих ямар хэрэг байна вэ гэх асуудал зүй ёсоор урган гарна. Тэгэхээр төрийн өмчид байгаа компаниудыг шигшин, хэрэгтэй бол менежментийг нь сайжруулах, засаглалын өөр тогтолцоонд шилжүүлэхгүй бол болохоо больжээ.
Мэдээж хэрэг төрд заавал байх ёстой стратегийн компаниуд бий. Үүнийг үгүйсгэхгүй. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг бүлэглэл авч, улмаар Эрдэнэт үйлдвэрийг хувьд авсан. Тус үйлдвэр хувийн өмчлөлд байхдаа улсад жилд 160 орчим тэрбум төгрөгийн татвар төлж байсан бол төрийн өмчид буцаан авсны дараах жилд нэг их наяд шахам төгрөгийн татвар төлсөн зэргээс харж болно. “Эрдэнэс Тавантолгой” бол ойлгомжтой. Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд ихээхэн нэмэр болж буй стратегийн гол орд.
Төрийн өмчид байгаа компаниуд ашигтай ажиллах нь бүү хэл 31 компани нь нэг төгрөг олохын тулд 5-6 дахин их зардал гаргаж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэгэнтээ мэдэгдэж байсан. Сүүлийн гурван жилийн тайлан мэдээллээс харахад төрийн өмчит компаниуд 2-2.3 их наяд төгрөгийн ашиг олж ирсэн ч түүний дийлэнхийг буюу 1.8-2 их наядыг "Эрдэнэс Тавантолгой", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр хоёр л оруулж байсан гэхээр бусад нь байх хэрэг байна уу. Үнэхээр ашигтай ажиллуулах гээд байгаа бол төрөөс буюу улстөрчид, намаас холдуулах шаардлага зүй ёсоор тулгарч байгааг харуулж байна. Тухайлбал, Барилгын хөгжлийн төв хэмээх төрийн өмчит үйлдвэрийн газар бий. Энд ямар ч ашиг байхгүй. Үйлдвэрлэл эрхэлж байгаа барилгын компаниудыг дарамтлахаас өөр ямар ч ажилгүй гэхэд болно. Мөн “Эрдэнэс Монгол” хэмээх Монгол Улсын стратегийн голдуу уул уурхайн компаниудад арга зүйн зөвлөгөө өгөх, менежмент, удирдлагаар хангах чиг үүрэг бүхий компани байна. Энд зөвхөн авлига, албан тушаал, тендэрийн будилаан байгаагаас өөр юу ч алга. Нийт компаниудын олсон орлогоос хувь хүртээд сууж байдаг нэг ийм ямар ч хэрэггүй аж ахуйн нэгж төрд данстай байх жишээтэй. “Эрдэнэс Монгол” үнэхээр менежментээ сайн хийж, арга зүйгээр хангаж чадаж байсан бол өөрийнх нь харьяанд байгаа 32 компаниас зөвхөн хоёр компани ашигтай ажиллахгүй биз дээ. Энд зах зээл, өөрийнхөө бяр чадлаар явж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн орлогоос “Эрдэнэс Монгол” гэж ажил хийдэггүй компанид өгөх ямар шаардлагатай юм. Өнөөх сангууддаа хийж байвал дээр биз дээ.
Өнөөдөр манай төрийн өмчит компаниудын өр ДНБ-ий 15 хувьтай тэнцүү болсон, үүнээс болж улс дампуурлаа зарлах эрсдэлтэй гэдгийг ОУВС-аас анхааруулж байсан удаатай. Засгийн газрын өрөнд төрийн өмчит компаниудын өр ордоггүй. Засгийн газар гаднын улс орнуудаас зээлж аваад цаашаа дамжуулан зээлээд явж байгаа бол Засгийн газрын өрөнд бүртгэгдээд явдаг. Засгийн газрын зээл авчирсан мөнгөнөөс дамжуулан зээл авсан орон нутгийн өмчит болон төрийн өмчит компаниуд зээлээ буцаагаад төлөх болохоор хойрго ханддаг зэрэг нь Засгийн газрыг маш их өртэй мэтээр харуулж байна.
Нэгэн баримт дурдъя. “Өнгөрөгч 2022 оны мэдээллээс үзэхэд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 168 байгаа бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд 299 байж. Тэгэхээр нийт 467 хуулийн этгээд байна. Засгийн газрын гадаад зээлийг дамжуулан зээлдүүлсэн буюу төрийн өмчит компаниудынхаа үйл ажиллагаа, ашигт ажиллагаа сайжруулах гэж олгосон зээл нь 3.2 их наяд төгрөг гэжээ. Энэ нь Монгол Улсын төсөв дээр авлага гэж бүртгэгдсэн. Үүнээс төрийн өмчит компаниудад олгосон зээлийн үлдэгдэл 989.1 тэрбум төгрөг. Энэ нь нийт зээлийн үлдэгдлийн 31.6 хувьтай тэнцэнэ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн авлага 227.4 тэрбум төгрөг. Төрийн өмчит компаниуд авахаа авчихаад төсөвт байгууллага биш учраас эргэн төлөх тал дээр маш хойрго ханддаг аж. Төлөхгүй байлаа гээд яах ч үгүй. Хууль эрх зүйн хувьд компанийг нь татан буулгах амаргүй. Төрийн өмчит 67 байгууллага дээр ийм их хэмжээний өр үүссэн” гэх мэдээллийг өгч байснаас харахад Засгийн газрын өрийн чамгүй хэсэг нь төрийн өмчит компаниудын зээлээс үүдэлтэй нь харагдана.
Өнөөдөр 2024 оны мэдээлэл хараахан эцэслээгүй байна. Тэгэхээр өнгөрөгч 2023 оны мэдээлээс харахад төрийн өмчит компаниудаас хамгийн том өртэй байгууллага нь Монголын төмөр зам 307 орчим тэрбум төгрөгийн өртэй. Дараагийнх нь IV цахилгаан станц 140 тэрбум төгрөгийн өртэй. Энэ бол дамжуулан зээлсэн мөнгө учраас эдгээр компани төлөхгүй бол Засгийн газар төлнө. Мөн Улаанбаатар төмөр зам 118 орчим тэрбум, “Багануур” компани 50.2 тэрбум, Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ компани 37.3 тэрбум, “Багануур” зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх станц 15.6 тэрбум төгрөг гээд нийт 989.1 тэрбум төгрөгийн дамжуулан зээллэг байж. Үүнээс 227 тэрбум төгрөгийн зээл нь хугацаа хэтэрсэн. Үүний 107 тэрбум нь буюу бараг 50 хувь нь Улаанбаатар төмөр замын өр. “Багануур” 43.8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн” гэх статистик гаргаж байжээ. Гэтэл эдгээр компанийг зээлээ төл гэж шахахаар “Үнийн чөлөөлөлт хий” гэдэг аж.
Нөгөө талаар Төрийн өмч, төрийн өмчийн компанийн тухай хуулийг зайлшгүй сайжруулах ёстой гэдгийг судлаачид ч хэлж байна, УИХ, Засгийн газрын хэмжээнд ч ярих болжээ. Үнэнийг хэлэхэд төрийн өмчит компаниудын ТУЗ-д салбар яамнаас, Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газраас гээд ямар нэгэн байдлаар төрийн юм уу, улс төрийн оролцоотой хүмүүс томилогддог. Ихэнхдээ насаараа төрд ажилласан, хувийн бизнес хийх, ашигтай ажиллуулах, компанийн засаглалын талаар ойлголтгүй хүмүүс томилогддог нь үнэн. Тэр бүү хэл сүүлийн 20 жил компанийн ТУЗ-д суусан хүн ч бий. Тэгээд ажилласан бүх компани нь алдагдалтай ажилласан. Гэтэл яагаад үргэлжлүүлэн улиран томилоод байдаг вэ гэхээр өнөөх л улс төр.
Өнөөдөр хорьхон хүнтэй төрийн өмчит компани хүний нөөцийн даргатай байх жишээтэй. Уг нь 20 ажилтантай компанид хүний нөөцийн даргын хэрэг юу байна. Тэгэхээр компанийн засаглалын бүтцийн хувьд жижиг компаниуд, төсөл хөтөлбөрүүд өөрөө ашгаа олоод явдаг болтол үйл ажиллагааг нь толгой компани нь хариуцаад явдаг байх нь зөв гэдгийг ч дуулгаж байсан. Энд л өнөөх нэгтгэх тухай асуудал зүй ёсоор хөндөгдөнө.
Ийм олон ашиггүй, алдагдалтай ажилладаг төрийн өмчит компани байгаагийн хамгийн наад захын асуудал гэхэд нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын нийт өр өндөр харагдана. Хоёрдугаарт, гадаадын компани манай эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх гэж байгаа энэ үед өр зээлийг нь хараад Монголын эрчим хүчний компаниуд ашигтай ажиллах ямар ч арга байхгүй юм байна. Төрийн өмчит компаниуд нь хүртэл өр тавиад үүнийгээ төлж чаддаггүй юм байна. Хөнгөлөлттэй зээл авчихсан эрчим хүчний компаниудтай бид яаж өрсөлдөх вэ. Тиймээс хөрөнгө оруулалт хийх аргагүй салбар байна гэдэг ойлголт төрүүлдэг. Тиймээс энэ тал дээр шуурхай арга хэмжээ авахаас өөр аргагүй болжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Төр компаниар баасаа хийдэг юм.бүгдийг нь хувьчил.төрд байхаараа түшмэлүүдийн хулгай шахааны л газар бна.угаасаа ч тийм зорилготой байгуулагдсан.
ТӨХК-иудаас Төр савраа татчих тэгээд л болоо
Эхлээд төрийн өмчийн компанийг дараа нь яамдын харъяа агентлагуудыг татан буулгах хэрэгтэй. Агентлаг, яамдууд ажил үүрэг давхцаад байна шүү дээ. Агентлагуудын мэргэжилтэн нар мэдлэг, чадвар, харилцааны соёлгүй хүмүүс ажиллаж байна шүү
Алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудыг бүгдийг татан буулгах нь зөв
УБТЗ аас улс хэзээ татвар болон ашиг авдаг болох вэ? 1949 оны гэрээнд өөрчлөлт оруулаж 49:51 хувь болгомоор байгаа юм.
Өөрсдийгөө шагнахаас өөр ажилгүй юм чинь татан буулгаачээ
ard tumenid hubitsaanii ashig ugdug Taban tolgoi g hubichilj bolohguin shdee AN han bugdiig hubaalj ihubichilj abah gerd baij yadag bn shuu
Нэг орон нутгийн өмчит компанийн албайн тушаалтан ”хийх ажил байхгүй, хотоос зайдуу учир ажилдаа очдоггүй” гэж ярьж байлаа.