Манай ихэс дээдэс “Амаргүй цаг үеийг тууллаа” гэж худлаа толгой сэгсрэхгүй ээ. Монгол Улс Сири шиг дотоодын самуун үүсэж, гадна дотны олз болсонгүй. Орос, Украйн гэх мэт орнууд шиг дайн байлдааны хөлд нэрвэгдсэнгүй. Афганистан шиг үерийн усанд 300 гаруй хүний амь урсгасангүй.
Элдэв цар тахлын хөлд давтуулсангүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдсөнгүй. Өлсгөлөнд нэрвэгдэж, дэлхий нийтээс тусламж гуйсангүй. Энэ мэт бөмбөрцөгт болж өнгөрсөн олон аюулаас ангид нэгэн оныг үдсэн нь их хувь заяа. Монголчууд өнөөх л нүүрсээ ухан зарж, зэс алт гээд уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр борлуулж, ахиц дэвшил үгүй ч амар жимэрхэн нэгэн оныг үдсэн.
Гагцхүү “Амаргүй цаг үеийг тууллаа” хэмээн худлаа толгой сэгсэрч байгаа нөхдөд асуудал байгаа болохоос биш өөрөөр нөлөөлсөн зүйл үгүй. Мэдээж, хэрэг улс орны хувьд өр зээл, цалин мөнгө, дутуу гачууг туулж байгааг харж бичиж л суулаа. Энэ бол дэлхийн аль ч том гүрэнд байдаг л асуудал. Бид Монгол Улсаа хараан зүхээд байгаагаас биш дэлхийн бүхий л их гүрнүүдэд байдаг жирийн асуудал. Энэ бол айх зүйл биш. Байсаар ч ирсэн байх ч зүйл, хойшид ч байх зүйл.
Айл гэр гал алдвал хөлдөж үхэхгүйн тулд мөнгө зээлж таарна. Айл хоногийн хоолгүй болвол өслөж үхэхгүйн тулд мөнгө зээлж таарна. Арай даварвал айл сууцаа томруулахын тулд зээл тавьж л таарна. Нэг их гүнзгий ухахгүйгээр хэлэхэд улс орны хувьд нэг иймэрхүү замыг л туулж ирсэн. Дахин хэлэхэд буруу байгаа бол, асуудал байгаа бол “Амаргүй” гэсэн нөхдөд л байна. Түүнээс бөмбөрцөгийн зүгээс юу ч нөлөөлөөгүй шүү.
Энэ онд бидний гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ унах ч зэс алтны үнэ өсөх тул нөхөөд явчихна хэмээн өөдрөг төсөөлж байгаа судлаачдын “сайхан” амыг хар, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төсөлд хөрөнгө орж ирэхгүй нь ойлгомжтой ч энэ онд гурван ч төсөл нь хөдлөхөөр болсон гэдгийг хэлж байгаа “гоё” амтай албаны эх сурвалжаа сонс. Ингээд та бүхэн хуучин оны тиймхэн дурсамжаа хойш тавиад шинэ ондоо шинэ бодол, мөрөөдөлтэй алхаюу.
Сэтгэгдэл ( 0 )