Чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх Дэгийн тухай хуулийн төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” болон “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх Дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 83 хувь нь дэмжсэнээр төслийг батлав. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын Ц.Идэрбат:
-2007 онд УИХ-ын тогтоолоор Стратегийн ордуудыг нэг, хоёрдугаар хавсралтаар батлахдаа 15 стратегийн ордыг нэгдүгээр хавсралтаар баталсан. Эндээс 34 хувийг Баялгийн сан руу авах хэлэлцээр ямар шатанд явж байгаа вэ. УИХ-ын 27-р тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордод оруулсан байдаг. Энэ ордууд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг хангахад хэрхэн оролцож байгаа вэ?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Үндэсний Баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн парламентаар батлагдсан нь Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг амилуулах зарчмыг бий болгож чадсан. Стратегийн ордуудад хувь тогтоож, Баялгийн сангаар дамжуулан иргэд хуримтлалын сантай болж, түүндээ үр өгөөж хүртэж болдог гэдгийг оны өмнө харуулж чадсан. Уул уурхайн таван төрийн өмчит компани хуримтлал бүрдүүлэхэд 480 орчим тэрбум төгрөг хуримтлагдана гэдэг бол үр дүн. Цаашид стратегийн ордуудаас төрийн эзэмшлийн 34 хувийг хэрхэн хэлэлцээр хийж авах вэ гэдэг асуудал ажил хэрэг болоод явж байна. Өчигдөр ЗГ-ын хуралдаанаар Эрдэнэтийн үүсмэл орд болох "Ачит ихт" ХХК-тай 34 хувь эзэмшлийн хэлэлцээр хийхийг ажлын хэсэгт даалгасан. Бид санхүүгийн шинжээч, хуулийн багийг авч ажиллуулна. Ингэж байж бид иргэдэд ч, төрд ч ашигтай хэлэлцээрийг хийнэ. Үүнийг УИХ Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийг баталж өгснөөр амилуулсан. Хэрэв УИХ энэ долоо хоногт Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагалдуулсан хуулийг баталж, АМНАТ-аар оруулах боомжийг нээж өгвөл тэр нь иргэдийн хуримтлалын данс руу шилжнэ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
“Орана"- гийн гэрээ сайн болсон байна. Гол нь Монголын талд ямар ашиг өгөх нь чухал. Гэхдээ энэ гэрээний үндэсний ханган нийлүүлэгчийг 40 хувь байлгана гэж заасан байна. Энэ хувийг жил бүр нэмэх боломжгүй юу.ТУЗ-ийн 10 гишүүнтэй байна гэжээ. Үүнээс бие даасан 2-3 гишүүн нь Монгол Улсын иргэн байх шаардлагатай.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Энэ төсөл орон нутгийг хөгжүүлэх зорилготой. Тухайн орон нутгийн хүмүүсийг авч ажиллуулах, гадаадын хүн илүү цалин авч, монгол хүн бага цалин авна гэсэн юм үйлчлэхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээнд тухайн орон нутгийн хүмүүсээр түлхүү хүний нөөцөө бүрдүүлэхийг тусгасан. Нийт 1600 ажилтантай байхаас 17 нь гадаадын ажилтан байна. Мөн орон нутгийн татвар, ус болон газрын хураамж нийлээд нэг тэрбум ам.долларын мөнгөн урсгал зарцуулагдахаар байна. Энэ бол тухайн орон нутгийн хөгжилд дэмжлэг болох болов уу гэж бодож байна. Түүнчлэн тус төсөлд ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 7-12 сая төгрөг байхаар тооцоолж байгаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-"Орано-ын гэрээнд ТЭЗҮ батлагдсан уу. Энэ төсөл хэрэгжиж эхэлбэл нэн аюултай хог хаягдал 150 тн гарна. Жилд аюултай хог 750 тн гарна. Хог хаягдлыг боловсруулах үйлдвэр барих уу. ТЭЗҮ-д хэдэн төгрөг тусгасан бэ. Энэ гэрээнд сайн ажилласан хүн олон бий. Гэсэн ч француудтай хатуу ярих асуудлууд байгаад байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнөөдөр бид АМНАТ-аар орлуулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа. Энэ асуудлыг эхлээд шийдэх хэрэгтэй.Үүний дараа ТЭЗҮ-ээ батлах юм. Хүхрийн хүчлийн үйлдвэрийг барихад дэмжиж байна. Энэ үйлдвэр чухал учир протоколдоо оруулах ёстой.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Төслийн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс аливаа төрлийн зээл авахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ зээл авахаар бол хувьцаа эзэмшигчийн 100 хувийн саналаар батална гэж заасан. ТУЗ-д нэг хүн Монголын талаас байна. Тэр хүн хориг тавих хэрэгтэй байна. Хог хаягдлын менежментэд 400 сая ам.долларыг тусгасан. Хүхрийн үйлдвэрт 96 сая ам.долларыг зарцуулахаар тусгасан. ТЭЗҮ-ийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Гишүүд, асуулт асууж, хариулт авсны дараа “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” тогтоолын төслөөр Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал, дүгнэлтүүдийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд Н.Оюундарийг Элчин сайдаар томилохыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, саналт хураалтад оролцсон 93 гишүүний 63 нь буюу 67.7 хувийн саналаар дэмжсэн юм. Санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Учрал гишүүн саяхан л өөрөө ЖДҮ чин хулгайч байсан хулгайч нартом дарга болсоор бгаашүү
төр 54 %- г авъя. тэр баялаг чинь нийтийн өмч болохоос 1 гэр бүлийн өмч биш
ANUSDI80955877
Угаасаа өгнө гээд байгаа