Хуучны “Өндөр хоршоо”, өнөөгийнхөөр Өндөр гэгээн анхдугаар Богд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нэгдүгээр давхарт Жагарын орны хийцийн бурхад, элдэв ганган зураг, хатгамал дэлгэж олны нүд хужирласан нэгэн өвөрмөц арга хэмжээ болов. Түүнийг нээж Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал хатагтай П.Байгалмаа, Шадар түшээ Соёлын элч сангийн ТУЗ-ийн тэргүүн, хатагтай П.Батцогт нар хуучны хийцийн гуулин цөгцөнд зул бадраан ёслол үйлдсэн юм.
Энэ бол 2025 онд тохиож буй Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Энэтхэгийн соёл, гар урлал” үзэсгэлэнгийн нээлтийн ёслол байлаа. Уг үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн Гадаад урлагийн сан хөмрөг болон Монгол Улс дахь Энэтхэгийн ЭСЯ-нд хадгалагдаж буй Жагарын урчуудын бүтээлийг дэлгэн харуулсан юм. Арга хэмжээг Шадар түшээ Соёлын элч сангаас санаачилж, Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа ЭСЯ, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ дэмжиж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулжээ.
Түүнд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яамны ажилтнууд, Монгол Улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ, олон улсын байгууллагын төлөөлөл, бурхан шашин, соёлын салбарын төлөөлөгчид, лам хуврагууд, эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Энэтхэгт Монгол Улсаа төлөөлөн сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд Дели хотоос ирүүлсэн мэндчилгээндээ Энэтхэг, Монгол хоёр бол стратегийн түншүүд, оюун санааны ахан дүүс, гуравдагч хөршүүд бөгөөд Буддын шашны хэлхээ холбоогоор олон зууны турш нөхөрлөсөн ард түмэн гэдгийг онцолсон юм. Хоёр орны харилцаа нь ардчилал, шашин, хөгжлийн түншлэл, цахим хөгжил гэсэн дөрвөн тулгуур багана дээр суурилдаг бөгөөд 2015 оны тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийн Монголд хийсэн айлчлалын үеэр олон салбарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргаж өргөжин тэлж буйг Элчин сайд Д.Ганболд онцолсон байна. Энэтхэг нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орнуудын нэг бөгөөд манай улсыг НҮБ-д элсэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Соёл урлагт хэлний бэрхшээл гэж байдаггүй, хоёр орны аль алины соёл уламжлалд нийтлэг харагддаг хэд хэдэн онцлог бий гэж Элчин сайд Д.Ганболд мэндчилгээндээ дурджээ.
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве хэлсэн үгэндээ олон зууны өмнөөс оюун санаа, соёлын харилцаатай явж ирсэн хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйг тэмдэглээд “Дипломат харилцааг зөвхөн Засгийн газар байгуулдаггүй, үүнийг бэхжүүлэхэд иргэдийн харилцаа нэн чухал. Эл үзэсгэлэн нь соёлын болон иргэд хоорондын харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов. Тэрбээр мөн “Тус үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музейн гадаад урлагийн сан хөмрөгөөс XIX-XX зууны Энэтхэгийн гар урлал, шашин, түүх, урлагийг илэрхийлсэн 200 гаруй бүтээлийг дэлгэсэн. БНЭУ-ын Элчин сайдын яамны хадгаламжид байдаг 14 ширхэг бүтээлийг анх удаа олны хүртээл болгож байна” гэсэн юм. Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа “Энэтхэгээс гаралтай Ганжуур, Данжуур хэмээх бурхны шашны Их хөлгөн судрын цоморлогийг хэдэн зууны тэртээ төрөлх хэлээрээ орчуулж модон бараар хэвлэсэн соёлт цөөн орны нэг нь Монгол Улс билээ. Манай музей 1969 онд БНЭУ-ын “Гар урлалын үзэсгэлэн”, 2003 онд “Энэрэхүйн зам” гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байсан. Дүрслэх урлагийн музей гадаад урлагийн сан хөмрөгтөө 23 орны 2000 гаруй үзмэр, цуглуулгын баялаг сан хөмрөгтэй.
Энэ удаагийн үзэсгэлэнд Энэтхэгийн гар урлал, түүх, урлаг соёл, шашин, үндэсний бахархал зэргийг илтгэсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэлийг шингээсэн 200 орчим үзмэр, гэрэл зураг Энэтхэгийн ЭСЯ-нд хадгалагдаж буй бүтээлүүдээс толилуулж байна” гэсэн юм.
Үзэсгэлэнд яс, мод,төмрөөр бүтээсэн лааны суурь, хутга, сэрээ, гоёл чимэглэлийн зүйлс, амьтдын дүрс бүхий сийлбэрүүд, Хинди шашны Вишнү буюу Хамгаалагч, Шива буюу Шүүн дэнслэгч зэрэг шүтээний хүрэл цутгамал, шигтгээ бүхий гоёмсог хатгамал, Энэтхэгийн түүхэн дурсгалт газрууд болох Лумбини дахь Ашок багана, Наланда, Барабар агуй зэрэг газар орны гэрэл зургийг тайлбарын хамт дэлгэсэн байв. Лумбини дахь Ашок багана нь НТӨ III зуунд хамаарах бөгөөд эзэн хаан Ашок Лумбинид зочилсон айлчлалын дурсгалд босгожээ. Мөн Бурхан багш 80 настайдаа нирваан дүрийг үзүүлсэн Уттар Прадешийн Кушинагар хот буюу Буддын шашинтнуудын дөрвөн их ариун газрын нэгийн зураг хөргийг харуулсан байна. Нирваан дүрийг үзэх гэдэг нь өөрийн махан бодийг орхин төрөх, ахин төрөхийн мөнх бус холбоосоос чөлөөлөгдөхийг хэлдэг ажээ. Ийнхүү оюун санааны эртний барилдлага бүхий хоёр орны хооронд шинэ цагт дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээнүүд үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )