"Татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал, дүгнэлт"-ийг танилцуулав. МҮХАҮТ-ын гишүүн, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс авсан нийт 178 багц саналыг УИХ-ын гишүүн Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг болон бусад холбогдох газруудад тусгайлан хүргүүлэхээр болжээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн оруулах хувь нэмэр өсөж, ДНБ-ий 80 орчим хувь, татварын орлогын 70 хувийг бүрдүүлж, ажлын байрны 81 хувийг бий болгож байна. MYXAYT-аас 5000 орчим бизнес эрхлэгчийг хамруулан явуулсан "Монголын бизнесийн орчин-2023" судалгааны үр дүнгээс үзэхэд, татварын орчин нь 2020 оноос хойш 0.12 нэгж буюу таван хувиар буурч, 2.50 оноогоор дундаас доогуур үнэлэгдсэн нь бизнес эрхлэхэд татварын орчны таагүй асуудлууд байсаар байгааг илэрхийлж байна гэж үзжээ. Өнгөрсөн онд Монгол Улсын татварын нийт орлого 27.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 их наяд төгрөгөөр буюу 27.4 хувиар өссөн байна.
Энэ орлогын 32.8 хувийг орлогын албан татвар, 21.4 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17.2 хувийг нийгмийн даатгалын орлого, 4.0 хувийг онцгой албан татварын орлого, 18.1 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус тус бүрдүүлжээ. Мөн 2023 оны ТОП-100 ААН-ийн төлсөн татвар нийт татварын орлогын 29 хувийг бүрдүүлсэн дүнтэй байгаа юм. MYXAYT-ын ерөнхийлөгч Л.Төр-Од “Татварын орчин далд эдийн засгийг бий болгож байна. Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд ДНБ-ий 21 орчим хувьтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг байна. Энэ нь ДНБ-ий 5.2 орчим хувьтай тэнцэх татварын орлогын алдагдлыг үүсгэж байна гэж тооцоолсон.
Далд эдийн засгийн хэмжээ өндөр байх нь шударга татвар төлөгч бизнес эрхлэгч аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн татварын дарамтыг нэмэгдүүлэг. Мөн татварын тогтолцоо болон эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлсээр байна. Тиймээс, далд эдийн засгийг бууруулах, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчдийг дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, бизнесийн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Тиймээс татварын багц хуулийн шинэчлэлийг цогц байдлаар хийх хэрэгтэй. Энэ зөвхөн хувь хэмжээ өөрчлөх тухай асуудал биш” гэлээ.
Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах саналыг илэрхийлээд байгаа юм. Үүнд:
“Наран трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Удвал “НӨАТ Монгол Улсад маш өндөр байна. Энэ нь бизнес эрхлэгчдийг зах зээлээс хумих бодлого гэж үзэж байна.
Тиймээс НӨАТ-ын хувь хэмжээг таван хувь болгон бууруулах зайлшгүй шаардлагатай. НӨАТ-ын сугалаа явуулахаа болих хэрэгтэй. Үүнийг шударга бус гэж үзэж байна. Тоо чухал биш хамгийн гол нь үүний цаана хуулийн цоорхой үүсч байна. НӨАТ 10 хувь, НДШ 14 хувь, ААНОАТ 10 хувь, нэмэх нь бусад төрлийн татвар, хураамж, төлбөр, торгууль, алданги төлж байгаагийн улмаас ихэнх компаниуд зах зээлд удаан оршин тогтох чадалгүй, татварын дарамтад орсноор үүд хаалгаа барин дампуурч байна. Бизнес эрхлэгчдээс өгсөн саналыг хуульдаа тусгаж, ажил хэрэг болгохыг эрх баригчдаас хүсч байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )