БНХАУ-ын 2025 онд дэвшүүлсэн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилтыг хангах боломжтой. Учир нь уг зорилго нь Хятадын бодит байдал болон эдийн засгийн хөгжлийг зохицуулдаг хууль тогтоомжид нийцэж байгаа юм гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх судалгааны төвийн захирал, БНХАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны тухай илтгэлийг бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Шэнь Даньян мэдэгдсэн байна.
БНХАУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны тухай илтгэлийг лхагва гарагт Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын гуравдугаар чуулганд хэлэлцүүлсэн байна. Шэнь Даньяны хэлснээр, дээрх зорилгыг хангахын тулд асар их хүчин чармайлт гаргах шаардлагатай ажээ.
“Хятадын эдийн засаг сэргэх, өсөх хандлага тууштай бэхжиж байна. Өнгөрсөн оны есдүгээр сараас Хятад улс эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх урамшууллын багц арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтэд мэдэгдэхүйц тус дөхөм үзүүлж, 2024 оны дөрөвдүгээр улиралд ДНБ-ний өсөлт 5,4%-д хүрсэн” гэж Шэнь Даньян тэмдэглэсэн байна.
Эрчим хүчний шинэ эх сурвалжуудад суурилсан тээврийн хэрэгсэл, усан хөлөг онгоцны үйлдвэрлэл, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологийн эрчимтэй хөгжил эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлж байгаагийн зэрэгцээ Хятадын засгийн газар макро эдийн засгийн бодлогын илүү идэвхтэй, үр ашигтай цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )