Инфляц өссөн нь цахилгааны үнэ, импортын барааны үнийн өсөлт нөлөөлсөн гэв

2025 оны 03 сарын 12

МОНГОЛБАНК 2025 ОНД

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдсан. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгсөн юм. Тиймээс Монголбанкны энэ жилийн баримталж буй бодлого болон өнгөрөгч хоёр жилийн үйл явдлаас түүвэрлэн хүргэж байна.

 

ТӨВ БАНК БОДЛОГЫН ХҮҮГ ХОЁР ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12 ХУВЬД ХҮРГЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

 

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэх, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувиар шинэчлэн тогтоох, тэтгэврийн зээлд зохицуулалт хийх шийдвэрийг тус тус гаргалаа. Эдгээр бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзжээ. Тодруулбал, АНУ-аас авч хэрэгжүүлж буй бодлого нь олон улсын зах зээл дэх түүхий эдийн үнийн цаашдын төлөвт сөрөг нөлөө үзүүлэхээр байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт үргэлжилж, гангийн эрэлт сайнгүй байгаа нь нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах гол шалтгаан болсон. Инфляц сүүлийн саруудад нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 9.7 хувьтай байна. Үүнд цахилгааны үнийн өсөлт, үүний дам нөлөө болон өрхийн цалин, орлогын өсөлтийг дагаад үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өссөн нь голлон нөлөөлөв. Нийтийн тээврийн үнэ хоёрдугаар сард өсөж, эрэлтийн болон зардлын шалтгаантай үнийн дарамт хүлээлтээс нэмэгдсэнийг харгалзан инфляцын төсөөллийг өмнөхөөс нэмэгдүүллээ. Улмаар инфляц энэ оны туршид Төв банкны зорилтоос давж, ирэх оны хоёрдугаар улирлаас зорилтот интервал руу орж тогтворжихоор байна. Хэдийгээр зардлын шалтгаан давамгайлан инфляц Төв банкны зорилтоос давсан хэдий ч хүлээлтээр дамжин үнийн өсөлт эрчимжих, хоёр дахь үеийн нөлөө нэмэгдэх зэрэг эрсдэлийг бууруулахын тулд бодлогын тохиргоог хийх шаардлагатай. Цаашлаад шинээр хэрэгжих томоохон төслийн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дотоодоос санхүүжүүлэх орон зай байхгүй гэдгийг дурьдах нь зүйтэй. Урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 2024 онд 4.9 хувьтай буюу хүлээлтээс бага зэрэг доогуур гарлаа. Эдийн засгийн өсөлт ийнхүү удаашрахад алт, газрын тосны олборлолт багассан, малын зүй бус хорогдол нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар хурдтай агшсан, боловсруулах салбарын үйлдвэрлэл саарсан зэрэг нь голлон нөлөөлөв. Өсөлтийн хурд ийнхүү саарсан ч энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 7-8 хувьд хэвээр хадгаллаа. Тодруулбал, Оюу толгойн нөлөөгөөр уул уурхайн үйлдвэрлэл идэвхжих, хөдөө аж ахуйн салбар зудын хүндрэлээс сэргэх, шинэ төслийн бүтээн байгуулалтууд эхэлж, барилга, худалдаа, тээврийн салбарын өсөлтийг дэмжихээр байна. Цаашлаад төслийн бүтээн байгуулалтууд 2025-2027 оны туршид үргэлжлэх ба төслийн хэрэгжилтийн явц, гадаад эрэлт зэрэг нь эдгээр жилүүдийн өсөлтөд нөлөөлнө. Манай улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээр хүү буурч байгаа нь валютын орох урсгалыг дэмжих хэдий ч нүүрсний үнийн бууралт томоохон эрсдэл дагуулсан. Цаашид том гүрнүүдийн худалдааны сөргөлдөөн хэрхэн үргэлжлэх, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдал болон эрдэс бүтээгдэхүүний үнээс гадаад эрэлт ихээхэн хамаарна гэдгийг энд онцлох нь зүйтэй юм. Мөн гадаад худалдааны нөхцөл муудаж байгаа нь Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийн бүтээн байгуулалт эхлэх хугацаатай давхцаж байна. Иймд эдгээр том төслүүдийг хэдий хугацаанд хэрхэн санхүүжүүлэх нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвт чухал нөлөөтэй. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлогын өсөлтийг даган хэрэглээний зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байна. Мөн тэтгэврийн зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж, тэтгэврийн зээлийн өр-орлогын харьцаа 84 хувьд хүрсэн нь зээлдэгчдийн хувьд санхүүгийн ачаалал өндөр байгааг харуулж байна. Ийнхүү гадаад, дотоод орчны нөхцөл байдал, инфляцын цаашдын төлөвийг харгалзан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэхээр шийдвэрлэлээ. Түүнчлэн, өрхийн өрийн дарамтыг бууруулах, зээлийн хэт өсөлтөөс сэргийлж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах зорилгоор хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50 хувьд хүргэх, тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь амьжиргааны доод түвшинг хангахад хүрэлцэхүйц буюу түүнээс доошгүй байхаар тогтоох шийдвэрийг тус тус гаргалаа. Дээрх бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Монголбанкны зүгээс эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

 

МОНГОЛБАНК 2024 ОНД

 

Төв банкны үндсэн зорилт болох инфляцыг 2024 онд Монголбанкны зорилтот түвшинд хүргэж бууруулсан мэдээлэл байдаг. Гадаад орчны тодорхой бус байдал, тээвэр логистикийн хүндрэл зэрэг дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй тодорхой бус байдлын суурь шалтгаанууд үргэлжилсэн хэвээр байгаа хэдий ч инфляц 2024 онд дунджаар 6.6 хувьтай байлаа. Хэдийгээр инфляц зорилтот түвшинд хүрсэн ч цаашид төсвийн зардал, зээл, цалингийн өсөлт, цахилгаан дулааны үнийн өсөлт, хоёр жил дараалсан зудын хүндрэл зэрэг нь инфляцад дарамт учруулж байна.  Цаашид мөнгөний бодлого нь эдгээр сорилтыг даван туулж, инфляцын зорилтоо хангахад чиглэнэ. Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2024 онд 5.3 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болов. Гадаад валютын нөөц ийнхүү нэмэгдсэн нь макро бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн илрэл болохын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл сайжирч, гадаад санхүүжилт нэмэгдэж, экспортын орлого өссөнтэй холбоотой. Валютын нөөцийн энэхүү өсөлт нь дараах гадаад өрийг эргэн төлсний дараах үр дүн гэдгээрээ онцлог юм. Монголбанк 2024 онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 450 сая ам.доллар, Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн үлдэгдлээс 4.5 тэрбум юань, нийт дүнгээр 1.1 тэрбум орчим ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөөд байна. лон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч, Эс энд Пи, Мүүдиз агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд “В+”, “В+”, “В2” болгон тус тус ахиулсан нь сүүлийн 10 жилийн дээд түвшин болов. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкны бодлогод өгсөн үнэлгээ бөгөөд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн хүлээлт өөдрөг буйн дохио юм. Зээлжих зэрэглэл дээшлэхэд макро эдийн засаг, гадаад төлбөрийн чадвар сайжирсан, инфляцыг бууруулж, эдийн засгийн өсөлт эрчимжсэн, гадаад өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлсэн зэрэг нь голлон нөлөөллөө. Зээлжих зэрэглэл сайжрах нь олон улсын санхүүгийн зах зээлээс илүү таатай нөхцөлөөр санхүүжилт татан төвлөрүүлэх бололцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тухайлбал, сүүлийн саруудад арилжааны банкууд олон улсын зах зээл дээр 350 сая ам.долларын бондыг өмнөх хэлцлээс бага хүүтэйгээр амжилттай арилжаалсан. Монголбанк, Монголын банкны холбоо, олон улсын санхүүгийн байгууллагууд хамтран “Орчин үеийн төв банк: Сорилт ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын дээд түвшний хурлыг Улаанбаатар хотод 2024 оны 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулав. Хуралд гадаад, дотоодын 62 байгууллагын нийт 180 гаруй хүндэт зочин, судлаач эрдэмтэн, бодлого боловсруулагч нар оролцож дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн ирээдүйн төлөв, төв банкуудад тулгарч буй гол сорилт, шийдлийн талаар хэлэлцлээ. Арабын нэгдсэн эмират улсад 2024 оны 9 дүгээр сард болсон Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтын нээлтийн эхэнд тус бүлгийн тэргүүн хэлсэн үгэндээ "Монгол Улс ФАТФ-ын 40 зөвлөмжийг хангасан 5 дахь улс бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд 2 дахь улс болж, виртуал хөрөнгөтэй холбоотой хийсэн ажлын туршлагаа олон улсад хуваалцаж,  Дахин үнэлгээний тайланг жил бүр ирүүлж, амжилттай хамгаалан, үнэлгээнүүдээ ахиулж чадсаныг онцлов. Түүнчлэн, цар тахлын хүнд цаг үед түүхэнд байгаагүй богино хугацаа буюу 6 сарын дотор үүрэг даалгаврыг  биелүүлж, цаг хугацааг зөв  ашиглаж, амжилттай ажилласан хэмээн Монгол Улсын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хийж буй ажлыг сайшаав. Монголбанк нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын дэргэдэх “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлийн дэмжлэгтэйгээр “Readiness support for Greening the Bank of Mongolia” төслийг энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийн хүрээнд банкны салбарын уур амьсгалын стресс тестийг туршилтаар системийн ач холбогдол бүхий банкнуудын тоон мэдээлэлд үндэслэн анх удаа гүйцэтгэх ажлыг эхлүүлсний зэрэгцээ уур амьсгалын ил тод тайлагналтын удирдамжийг банкуудад зориулан боловсрууллаа. Түүнчлэн, санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг жендерийн тэгш байдал, ногоон санхүүжилтээр ангилж, статистик мэдээллийг баяжуулаад байна. Монголбанк 2024 оноос сум, дүүрэг, тосгоны түвшинд бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн зээл, харилцах, хадгаламж болон банкны салбарын ногоон зээлийн мэдээллийг анх удаа хүйсээр ангилан боловсруулж олон нийтэд танилцуулснаас гадна ногоон зээлийн тайлан болон эдийн засгийн салбарын ангиллаар гаргасан зээлийн тайланг нийт санхүүгийн салбарын түвшинд гаргав. Банкны салбараас олгосон ногоон зээлийн үлдэгдэл 2024 оны 3-р улирлын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрч, нийт зээлд эзлэх хэмжээ 3.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 92.6 хувиар өсөөд байна. Цаашид энэ өсөлтийг тогтвортой хадгалж 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилго тавиад буй. Банкны систем үүсч бэхжсэний 100 жилийн хүрээнд Монголбанк энэ онд “Тэрбум мод” сан болон бусад байгууллагуудтай хамтран Улаанбаатар хот болон 21 аймагт 3 сая гаруй мод тарьж, тарьсны дараах арчлан хамгаалах, ургуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монголбанк санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих хуулиар ногдсон зорилтоо хангаж ажиллаж байна. 2024 оны 11 дүгээр сарын байдлаар банкны салбарын актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 5,598.1 тэрбум төгрөг буюу 9.7 хувиар, зээлийн багц 8,428.9 тэрбум төгрөг буюу 31 хувиар, өөрийн хөрөнгийн хэмжээ 992.1 тэрбум төгрөг буюу 17 хувиар өсөөд байна. Харин чанаргүй зээлийн хувь хэмжээ 5.1 хувь байгаа нь 2014 оноос хойшхи хамгийн бага үзүүлэлт болов. Ийнхүү банкны системийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, зээлийн эрсдэл буурсан нь цаашид банкны салбарын тогтвортой байдлыг хангахад эерэгээр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

 

МОНГОЛБАНК 2023 ОНД

 

Өнгөрөгч 2023 онд Монголбанк инфляцыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ажиллалаа гэж байв. Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлж, бодлогын шийдвэр гаргахдаа үнийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөг хязгаарлахыг зорьсон гэж үзсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй мөнгөний бодлого үр дүнгээ өгч инфляц улсын хэмжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 8.6 хувьд хүрч буурахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт эхний гурван улирлын байдлаар 6.9 хувьтай гарсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд өндөр түвшинд хадгалагдаж байсан инфляц ийнхүү буурч байгаа нь эдийн засгийн макро орчин тогтворжиж эхэлж буйн шинж бөгөөд иргэдийн бодит орлогыг хамгаалах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байв. Инфляц 2024 онд 7.8 хувь буюу Монголбанкны зорилтот түвшин болох 4-8 хувийн түвшинд хүрнэ гэж Төв банк таамаглаж байсан. Монголбанк энэ оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй гэж өмнөх төсөөллөө ахиуллаа. Энэ оны долоодугаар сард инфляц 9.2 хувьд хүрснийг хасаж тооцвол Монгол Улсын инфляц 2011 оны 11 дүгээр сараас хойш буюу бараг хоёр жилийн турш хоёр оронтой тоонд хадгалагдаж ирсэн юм. 20 орчим сарын дараа инфляцын түвшин эргэн 9.3 хувьд хүрч Төв банкны зорилтот түвшинд, нэг оронтой тоонд тогтвортой дөхөхөөр байна. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо есдүгээр сарын 15-ны хурлаараа бодлогын хүүгээ 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн юм. Энэ нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшин болж байна. Үүнээс өмнө 2022 онд Төв банк бодлогын хүүг өсгөх циклээ эхлүүлж, зургаан хувь байснаас таван удаа дараалан өсгөж 13 хувь хүргээд байсан юм. Харин инфляц 2024 онд 7.8 хувьд буюу Монголбанкны зорилтот түвшин болох 4-8 хувийн түвшинд хүрнэ гэж Төв банк таамаглаж байна. Хүнсний бус инфляц, импортын барааны үнийн өсөлт саарах, шатахууны үнэ, тогтвортой байхтай холбоотойгоор цаашид, буурахаар хүлээгдэж байна гэж Төв банк тайландаа дурджээ. Мөн бодлогын хүүг 2023 оны III, IV улиралд 13 хувьд хэвээр хадгалах дохио зах зээлд өгөөд байна. Түүнчлэн энэ онд гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч байгаа боловч зэсийн баяжмал, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өсөж байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг эрчимжүүлж байгааг Монголбанк мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт 2023 онд 5.6 хувь, 2024 онд 6.0 хувь, 2025 онд 5.9 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурах нь эдийн засгийн өсөлтийг доош татах хамгийн гол эрсдэл хэвээр байгааг дурджээ. Мөн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг онцолж байв.

М.Зул

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xsjyBldb(1.53.97.156) 2025 оны 03 сарын 13

1

1  |  0
Belen mungu taraadag(202.126.90.78) 2025 оны 03 сарын 13

Ediin zasgiin buruubodlogo yavuulj bj yu buraad bna daa, tsahilgaan ruu. Hchihdeg argatai bolj l dee

2  |  0
Top