Атомын цахилгаан станцыг сонирхож буй энэ үед яагаад уран хямдрав?

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 17

Дэлхий дахинд эрчим хүчний үйлдвэрлэлд атомын цахилгаан станцын үүрэг улам бүр өссөөр байна. Гэтэл сүүлийн нэг жилийн хугацаанд ураны үнэ буурсаар байна. Үүний шалтгаан, ураны зах зээлийн хэтийн төлөвийн талаар Forbes сонирхолтой материал бэлтгэжээ.

Олон улсын эрчим хүчний агентлагаас саяхан гаргасан тайланд 2025 онд цөмийн эрчим хүчний хөгжил оргилд хүрэх ёстой гэж тэмдэглэсэн байдаг. Дэлхий дахинд цөмийн эрчим хүчийг цахилгаан эрчим хүчний цэвэр бөгөөд аюулгүй эх үүсвэр гэж үзэж байгаа. Энэ үзүүлэлтээр зөвхөн усны эрчим хүч тэргүүлж байгаа гэж ОУЭХА-ийн гүйцэтгэх захирал Фатих Бироль онцолсон байна.

Түүний ярьснаар, дэлхийн 40 гаруй улс оронд цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна. Ойрын 10 жилд цахилгаан эрчим хүчний эрэлт зургаа дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Үүнд цахилгаан автомашины үйлдвэрлэл, агааржуулалтын систем, мэдээлэл боловсруулах төв зэрэг багагүй хувь нэмэр оруулна. Тиймээс цөмийн эрчим хүч, нар, салхины эрчим хүчнээс дутахааргүй ирээдүйтэй эх үүсвэр гэж тооцогдож байна.

Тайлан ёсоор, өдгөө дэлхий даяар ажиллаж байгаа нийт 420 орчим цөмийн реактор нийт цахилгаан эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэж байна. Зарим улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж, атомын цахилгаан станцуудаа хугацаанаас нь өмнө ашиглалтаас гаргаж байгаа хэдий ч Япон АЦС-уудынхаа үйл ажиллагаа сэргээж, Франц ийм төрлийн станцуудынхаа техникийн засвар үйлчилгээг дуусган, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Европт шинэ реакторууд ашиглалтад орсноор цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Одоогийн байдлаар, нийт 70 гигаватт /ГВт/ хүчин чадалтай 63 цөмийн реакторын барилгын ажил явж байгаа. Үүний сацуу сүүлийн таван жилд нэмж 60 гаруй реакторын ашиглалтын хугацааг сунгах шийдвэр гарчээ. Сүүлийн гурван жилд энэ салбарт хийсэн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 60 тэрбум ам.долларыг давж, 2020 онтой харьцуулахад 50 орчим хувиар өссөнийг тайланд онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн, 2023 онд болсон Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн дээд хэмжээний уулзалтын үеэр 20 гаруй улс 2050 он гэхэд дэлхий дахины цөмийн эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлэх тухай тунхагт гарын үсэг зурсан билээ.

Уналтын урт хугацаа

Сүүлийн жилүүдэд цөмийн реакторт зориулсан байгалийн ураны үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд нийт 55-65 мянган тоннд хүрсэн нь дэлхийн энэ төрлийн эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хэмжээнд хүрснийг Олон улсын атомын энергийн агентлаг онцолсон байдаг. Бусад түүхий эдийг бодвол уран нь нээлттэй биржийн арилжаагаар худалдаалагддаггүй учир өртөг нь үнэлгээний шинжтэй байдаг аж. Дэлхийд ураны үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг болох Канадын “Comeco” компани “UxC”, “Trade” зэрэг судалгааны компаниудын мэдээлэл дээр тулгуурлан сар бүр ураны үнийг нийтэлдэг байна. Канадын “Comeco” компанийн мэдээллээр, энэ оны хоёрдугаар сард ураны спот үнэ 30 гаруй хувиар буурч, нэг фунт /0.45 кг/ нь 65 ам.доллар болсон нь 2024 оны мөн үеэс 30 ам.доллароор унасан байна.

Үүнтэй зэрэгцэн, урт хугацааны гэрээгээр худалдсан ураны үнэ мөн үед 80 ам.доллароос 75 ам.доллар болж, буурчээ. Trading Economics платформын мэдээллээр, энэ сарын 10-ны байдлаар ураны үнэ 40 хувиар буурч, нэг фунт нь 64.4 ам.доллар болсон. Гэтэл 2024 оны мөн үед нэг фунт ураны үнэ 106 ам.доллар байжээ.

Хямдрах олон шалтгаан

Уран бол зэс, нүүрс шиг борлуулалт сайтай бараа биш. Ложистик, даатгалын хүндрэлүүд, уран бүхий аюултай контейнертой ажиллах зэрэг нь биржээс гадуур гэсэн статусыг нь тогтоодог. Түүхий эдийн ихэнх зах зээл дээр байдаг “ченж” ураны зэх зээлд бараг байдаггүй. Ураны зах зээлийг бодит худалдаалагчид болон эцсийн захиалагчид л бүрдүүлдэг байна. Геополитик эдийн засгийн бодит нөхцөлд нөлөөлж эхэлсэн нөхцөлд ураны зах зээл байрандаа эргэлдэж эхэлдэг байна. Геополитикийн нөхцөл байдлыг тооцоолон, галийн бүрдүүлэлт, тээвэрлэлт зэрэг бүхий л явц баталгаатай гэдэгт итгэлтэй болсон цагт л бодит худалдан авагч цөмийн реакторуудад зориулсан түлшний захиалга өгөх эрсдэл гаргадаг. Ураны зах зээлийн ийм гунигтай дүр зураг ураны үнэ буурахад хүргэсэн гэж шинжээчид дүгнэж байна. Нөхцөл байдлыг АНУ, ОХУ-ын хооронд ураны тал дээр тавьсан харилцан хориг арга хэмжээ улам хүндрүүлж байна.

Атомын цахилгаан станцын үүрэг өсөж байгаа хэдий ч ураны үнэ хэд хэдэн шалтгаанаар буурсан гэж шинжээчид тодорхойлжээ. Тухайлбал, илүүдэл нөөц. Урьд өмнө, ялангуяа хүйтэн дайны үед цэрэг дайны зорилгоор их хэмжээний уран үйлдвэрлэсэн. Цөмийн зэвсгийг хорогдуулах тухай хэлэлцээрүүдийг байгуулсны дараа өндөр хувиар баяжуулсан ураны нэг хэсгийг атомын цахилгааны станцын түлш болгон дахин боловсруулсан байна. Улмаар зах зээл дээрх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, байгалийн ураны олборлолтоос хараат байдлыг бууруулжээ. Атомын цахилгаан станцууд дээр гарсан томоохон ослууд зарим орнуудыг цөмийн бодлогоо эргэн харж, цөмийн эрчим хүчний хөгжлийн хөтөлбөрөө түр зогсоох эсвэл бүр царцаахад хүргэжээ.

Дээр нь ураны зах зээлийг урт хугацааны гэрээнүүд тодорхойлдог. Тиймээс тус зах зээлд орон нутгийн чанартай эрэлт, нийлүүлэлтийн өөрчлөлт нөлөөлдөггүй. Ихэнх эрчим хүчний компаниуд олон арван жилийн хугацаатай гэрээ байгуулдаг тул салбарын өөрчлөлтүүд үнэд нөлөөлөхөд ихээхэн хугацаа авдаг. Атомын цахилгаан станцуудын тоо нэмэгдсэн ч хуримтлагдсан нөөц болон урт хугацааны гэрээний нөхцөлүүд ураны үнэ өсөхөөс сэргийлдэг байна.

Ураны үнэ 2023 оны долоодугаар сараас эхлэн тогтвортой буурч эхлэхээс өмнө Нигерид гарсан цэргийн улмаас өссөн. Тус улс ураны үйлдвэрлэлээр дэлхийд долоод жагсдаг. Африкийн эл улсаас ураны экспорт түр зогссоноор ураны үнэ өсөхөд нөлөөлсөн. 2024 оны тавдугаар сард АНУ Оросын ураны импортод хориг тавьснаар гал дээр тос нэмжээ. Тухайн үед ураныг ЕХ, АНУ төдийгүй БНХАУ, БНСУ худалдан авч байв. Өдгөө ОХУ, АНУ-ын хооронд явж буй яриа хэлэлцээ зах зээлийн оролцогчдод хориг арга хэмжээ цуцлагдана гэсэн хүлээлт үүсгэж, улмаар ураны үнэ буурахад хүргэж байна.

Тодорхойгүй байдал сунжирч байна

АНУ-ын ерөнхийлөгчийн албыг Доналд Трамп хүлээн авсан нь ураны эрэлттэй холбоотой нөхцөл байдлыг тодорхойгүй болгож байна гэж зарим шинжээчид үзэж байна. Оросын ураны импортод тавьсан хоригоо цуцална гэсэн хүлээлт үүссэнээс гадна АНУ Канадын эрчим хүчний эх үүсвэрт 10 хувийн татвар ногдуулсан. Канад улс нь уран нийлүүлэлтээрээ дэлхийд хоёрт бичигддэг. Эл бодлого мөн ураны үнэд нөлөөлөх талтай.

Вашингтон дотооддоо уран үйлдвэрлэлийг дэмжих зорилго тавиад байгаа. Энэ хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Геологийн албадаа нэн чухал ашигт малтмалын жагсаалтыг шинэчлэх, үүнд ураныг нэмж оруулах боломжийг судлах чиглэл өгсөн билээ.

Үүнтэй зэрэгцэн уран үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг Казахстан улс 2025 онд олборлолтоо 7.4-13.9 хувиар нэмэгдүүлж, 25-26 мянган тоннд хүргэнэ гэж мэдэгдсэн нь ураны үнийн уналтын тренд үргэлжилнэ гэсэн хүлээлтийг бий болгожээ.

Харин зарим шинжээчид ураны үнийн уналт удаан үргэлжлэхгүй гэж таамаглаж байна. Энэ онд ураны үйлдвэрлэл тогтвортой байхаас гадна нүүрстөрөгчийн тэг ялгаралтай эрчим хүчний эх үүсвэрийн хувьд цөмийн эрчим хүчний хэрэгцээ, улмаар эрэлт нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирээдүй(66.181.184.84) 2025 оны 03 сарын 18

Ер нь бол ураны технологи муу үр дагавар ихтэйгээс өөр ресурс рүү чиглэж байгаа

0  |  0
Close menu