Трампын тарифын шалтаг болсон фентанил хэрхэн Мексикээс АНУ-д хүрдэг вэ!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

Энэ талаар ВВС агентлаг сурвалжлаг бэлджээ.

Лос Анжелес хотын дилер Жей гэгч фентанилыг илгээхээр бэлдэж буй Мексикийн хар тамхины бүлэглэлийн гишүүнийг анхааралтай ажиглана. Синтетик хар тамхийг тугалган цаасанд ороон, хуванцар саванд битүүмжлэн хийн, хар тамхины наймаачны автомашины бензиний банк руу хийнэ.

Жей нь жинхэнэ нэр биш. Тэр саяхан АНУ-аас Мексикт ирсэн бөгөөд ВВС агентлагийн сурвалжлагчийн хамтаар хар тамхины бүлэглэлийн нууц байр руу хөдөлжээ. Ойр орчмын барилгуудтай адил энгийн нэг байшин. Энд хар тамхи хийдэггүй ч анхаарал татахгүй байхыг хичээдэг. Эрчүүд шивнэж ярих ба хурдан ажиллана.

Тэдний үхэл таригч бизнес саяхан дэлхийн эдийн засгийн сөргөлдөөний төвд орсон билээ. Цагаан ордон фентанилын хууль бус наймааг бусад улс оронтой хийж буй худалдаанд татварыг нэмэгдүүлэх чухал шалтгаан болгон ашиглаж байгаа. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хар тамхины бүлэглэлүүдтэй дайн хийх амлалт өгсөн.

ВВС агентлагийн сурвалжлагч хар тамхины бизнес хэрхэн явдгийг дотроос нь харах, хар тамхины наймаачинтай ярилцах, АНУ дахь хэрэглэгчдийг харах боломж гарч, хэрхэн хар тамхины наймаа олон улсын бодлогод нөлөөлдөг талаар сонирхолтой сурвалжлаг бэлдсэнийг хүргэж байна.

Машинд бараа ачиж байгаа залуус бол хар тамхины бүлэглэлийн “цэргүүд”. Тэдний хоёр нь хаяа хаяа хүн чанар нь зулгаадаг гэв. Хар тамхины улмаас хүмүүс амиа алдаж байгаад буруутай мэт санагддаг уу гэсэн асуултыг сонсоод залуу “Бид ч гэсэн гэр бүлтэй. Мэдээж хэрэг буруутай санагддаг. Би үүнийг больсон ч энэ бүх зүйл үргэлжилсээр л байна. Энэ бол миний асуудал биш” гэв.

Эрчүүд нүүрээ халхалжээ. Тэд автомашины арын суудлыг авч, шатахууны савд хүрнэ. Бензин асгахгүй байх нь чухал. Эс бөгөөс гаалийнхан шатахууны савыг нээснийг сэжиглэж магадгүй.

Цайвар ногоон өнгөтэй 5000 ширхэг эм. Энэ бол Жейн долоо хоног бүр Лос Анжелес болон Америкийн баруун хойд хэсэгт зардаг хар тамхины багахан хэсэг. “Би долоо хоногт 100 мянган эм авахыг хичээдэг. Нэг машин бус олон машинаар тээвэрлэдэг. Эрсдэлээ бууруулж байгаа нь тэр” гэж Жей шивнэв.

Доналд Трамп Мексикийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан. Шалтгаан нь хар тамхи, хууль бус цагаачдын урсгал. Зарим татварыг дөрөвдүгээр сарын 2-ыг хүртэл хойшлуулсан. Фентанилын наймааны эсрэг дайнд ялах нь Доналд Трампын улс төрийн гол зоригуудын нэг. Гэвч Жей түүнд боломж бий гэдэгт эргэлзэнэ. Трамп өмнө нь Цагаан ордныг тэргүүлж байхдаа ийм тэмцэл хийж байсан ч бүтээгүй. Эрэлт хэзээд байдаг. Хамгийн өндөр эрэлт хаана вэ. Аз болоход АНУ-д гэж Жей инээмсэглэн ярина.

Ихэнх хар тамхи Мексикээс орж ирдэг байна. Мексикийн цагдаагийн мэдээллээр, хар тамхины бүлэглэлүүд фентанил руу шилжиж байна. Учир нь бусад синтетик хар тамхийг бодвол үйлдвэрлэх, тээвэрлэхэд хялбар байдаг гэнэ.

Хар тамхи хэтрүүлэн хэрэглэх нь зэвсэг, авто ослоос илүү олон америкчуудыг алж байна. 2023 оны аравдугаар сараас 2024 оны есдүгээр сарын хооронд нийт 87 мянган хүн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алджээ.

АНУ-ын татвараас сэргийлэхийн тулд Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум хил рүү Үндэсний гвардийн 10 мянган цэрэг илгээх амлалт өгсөн. Тус улсын Засгийн газар өнгөрсөн оны есдүгээр сараас хойш хар тамхины наймааны томоохон төв болох Синалоа мужид 900 гаруй удаагийн баривчилгаа явуулжээ. Мөн оны арванхоёрдугаар сард нэг тонн гаруй эм хураан авсан. Сүүлийн таван сард хураан авсан фентанилын хэмжээ бүтэн жилийнхээс даваад байна.

Мексик мөн Хятадаас орж ирдэг фентанилын гол орцын импортыг чангатгаад байна. Үүний дүнд фентанилын үйлчилгээ суларч, улмаар аминд аюултай байдал нь багассан байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Мексикийн хар тамхины бүлэглэлийн нөлөө бүхий 29 гишүүнийг АНУ-д шилжүүлжээ. Тэдний дунд АНУ-д алан хядагч байгууллага гэж зарлагдсан зургаан бүлэглэлийн тавынх нь гишүүд байв.

Шейнбаум Мексикийн нутаг дэвсгэрт АНУ-ын Тагнуулын төв газрын дронуудыг ашиглан ажиглалтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх замаар фентанил үйлдвэрлэдэг лабораторийг илрүүлэх зөвшөөрөл олгоод байна.

Жей энэхүү бизнес нь аюултай гэдгийг ойлгож байгаа ч санаагаа зовоогоод байдаггүй. “Тэд үргэлж л биднийг буруутган, Америкийн иргэдийг хордуулж байна гэж ярина. Гэвч тэд хамгийн гол хэрэглэгчид” гэж Жей өгүүлэв. Ингэхдээ тэр хар тамхинаас үүдэлтэй үхлийн төлөө хариуцлага хүлээн, буруугаа хүлээхээс татгалзана. Түүний бараанаас болж амиа алдсан хүнийг мэдэхгүй, би өөр нийлүүлэгчидтэй ажилладаг гэж өөрийгөө зөвтгөнө.

Хилээр бараагаа гаргахын тулд АНУ-ын иргэдийг ашигладаг байна. Чарли гэж өөрийгөө танилцуулсан жолооч мөн АНУ-ын иргэншилтэй. Тэр ч фентанил тахлын дагуулдаг шаналлыг үл тооно. “Надад мөнгө хэрэгтэй. Хэтэрхий олон удаа хар тамхи тээвэрлэж байсан” гэв. Хожим нь сурвалжлагч 5000 ширхэг эм хилээр амжилттай гарсан талаар дуулжээ.

Шейнбаум ерөнхийлөгч АНУ дахь фентанилын хямрал 90-ээд оны сүүлээр хүчтэй үйлчилгээтэй өвчин намдаах эмийг үндэслэлгүйгээр зөвшөөрснөөр эхэлсэн гэж онцолж байна. Түүний мэдэгдсэнээр, АНУ-ын засгийн газар ийм олон хүнийг үхэлд хүргэсэн хямралын төлөө хариуцлагаа өөрөө хүлээх ёстой.

Хилийн нөгөө талд бүх насаа хар тамхины гэмт хэргийн эсрэг тэмцэлд зориулсан Дерек Мальтц. Саяхан түүнийг Хар тамхитай тэмцэх газрын даргаар түр томилжээ. Хар тамхины бүлэглэлүүд нь үндэстэн дамнасан гэмт хэрэгтнүүд. Тэд бол алан хядагчид. Гэхдээ хэрэглээний эрэлттэй холбоотой ноцтой асуудал бий. Америкийн хүн ам яагаад хар тамхи хэрэглэж байгааг ойлгох хэрэгтэй гэж тэр ярина.

АНУ-ын баруун эрэгт Розалин Пичардо гэгч эмэгтэй хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдах гэж байсан хүмүүсийг аварна. Тэр тэдний нэрийг Библи судрын арын нүүрэнд бичдэг. Нэг нүүр дүүрч, дараагийн нүүрт шилжжээ. Зургааны жилийн хугацаанд 2931 тохиолдол.

Пичардо “Sunshine House” олон нийтийн төвийг тэргүүлдэг. Тэр долоон настай охины тохиолдлыг ярив. Зэргэлдээх байшинд түүнийг дуудсан тул хаалгаар нь ороход хөхөрсөн охиноо тэвэрсэн эзэгтэй түүнийг угтжээ. Пичардо эхлээд эпилепситэй охин юм байх гэж бодсон ч хар тамхинд хэрэглэдэг жин, хуванцар уут ширээн дээр байхыг олж харжээ. Охины аав хар тамхины наймаачин байсан бөгөөд охин түүнийг нь олж, хэрэглэсэн байна. Азаар охины амийг аварч чадсан тухай Пичардо ярив. Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг мөн аварсан тухайгаа дурсав.
Кенсигтон хямдхан хар тамхинд живжээ. Хүмүүс гудамжинд тарина. Хар тамхинаас болж хөлгүй болсон эрэгтэй. Тэр ийм шалтгаанаар хөлгүй болсон олон хүний нэг.

Мексик дэх нөхцөл байдал сайжирч, фентанилын наймааг бүрэн зогсоосон ч Кенсигтон дахь хүмүүсийн амьдрал сайжирна гэдэгт Пичардо итгэдэггүй. Хар тамхины эсрэг дайнд ялах боломжгүй гэж үздэг. Нэгэн цагт героин байсан. Харин одоо фентанил. Тэд хүмүүс дээр, хүмүүсийн зовлон шаналал дээр мөнгө хийх аргыг олсоор л байх болно гэв.

“Sunshine House” төвийн эсрэг талын явган хүний зам дээр нэгэн залуухан эмэгтэй ухаангүй унана. Пичардо түргэн тусламжийн цүнх барин түүн рүү гүйн очно. Хар тамхины эсрэг ерөндөг хийхэд тэр даруй ухаан ороогүй ч Пичардо түүнийг амьдарна гэлээ.
Розалин Пичардо “Sunshine House” төвдөө эргэн ирж, элэгдсэн Библи судрын арын нүүрэнд дахин нэг тоо, дахин нэг аварсан амийг бүртгэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu