Олон улсын олимпын хорооны шинэ даргыг хүлээж буй СОРИЛТУУД

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

Олон улсын олимпын хорооны шинэ тэргүүнээр Кирсти Ковентри сонгогдсон. Олимпын олон удаагийн аварга, Зимбабве улсын спортын сайд тэрбээр тус хороог тэргүүлж буй анхны эмэгтэй. 2013 оноос хойш ОУОХ-г удирдаж байгаа Тоамс Бах албан тушаалаа энэ оны зургаадугаар сарын 24-нд Кирсти Ковентрид шилжүүлэх юм.

Усанд сэлэлтийн Олимпын хоёр удаагийн аварга, дэлхийн олон удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг нэг бус удаа тогтоож байсан Ковентри олимпын долоон медалийн эзэн бөгөөд Зимбабве улсын түүхэнд хүртэж байсан найман медалийн долоог нь тэр авчирчээ.

Зимбабвегийн удирдагч Роберт Мугабегийн нэрлэснээр “алтан бүсгүй” түүний гол өрсөлдөгч нь бага Хуан Антонио Самарч болон Британийн тамирчин Себастьян Коу нар байв. Бага Хуан Антонио Самарчийн эцэг Хуан Антонио Самарч 1980-2001 онуудад Олон улсын олимпын хороог тэргүүлж байсан билээ.

 

 

Хүн төрөлхтний спортын түүхэнд спортын салбарын хамгийн өндөр албан тушаалыг хаших нэр хүндтэй бөгөөд асар өндөр хариуцлагатай үүрэг ногдож буй Кирсти Ковентрийг хэд хэдэн томоохон сорилтууд хүлээж байна.

Тухайлбал, трансжендер тамирчдын тэмцээний тодорхой дүрмийг тогтоох явдал. Энэ асуудал АНУ-ын засгийн газартай багагүй зөрчилдөхөд хүргэж болзошгүй хэмээн шинжээчид үзэж байна.

Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп трансжендер тамирчдыг тэмцээнд оролцохыг нь хориглоод байгаа билээ. Одоогоор ОУОХ трансжендер тамирчдад спортын наадамд оролцохыг зөвшөөрч байгаа ч тухайн спортын холбоодын шийдвэрт найдахаас илүүтэйгээр тодорхой нэг дүрэм боловсруулахыг ОУОХ-оос шаардаж байгаа юм.

ОУОХ, Доналд Трампын харилцаа 2028 онд болох Лос Анжелесын зуны Олимпын их наадамд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Трампын трансжендер тамирчдыг тэмцээнд оруулахыг хориглосон зарлиг эмэгтэй тамирчдын дэмжлэгийг аваад байгаа. Зарлиг гол төлөв сургууль, их сургууль болон сонирхогчдын спортын тэмцээнд үйлчлэх ч Цагаан ордны тэргүүн Лос Анжелесын олимпын их наадмаас өмнө ОУОХ-оор трансжендер тамирчдын талаарх дүрмийг өөрчлүүлнэ хэмээн мэдэгдэж байгаа юм.

Түүнчлэн, ОУОХ-ны шинэ тэргүүн спортын их наадамд Оросын тамирчдыг оролцуулах эсэх асуудлыг шийдэх ёстой.

2023 онд ОУОХ дараагийн мэдэгдэл гартал Оросын Үндэсний олимпын хороог хасаад байгаа. Эл шийдвэрийнх нь шалтгаан нь Оросын Үндэсний олимпын хорооны бүрэлдэхүүнд Украины Донецк, Луганскийн спортын зөвлөлүүдийг багтаасан явдал юм. Парисын олимпын наадамд Оросын тамирчид ОУОХ-ны туган дор оролцсон билээ.

Харин санхүүгийн хувьд Томас Бах Кирсти Ковентрид тус хороог санхүүгийн хувьд бэхэжсэн байгууллагыг шилжүүлэн өгч байна. ОУОХ олимпыг дамжуулах эрх, ивээн тэтгэгч болох бусад эх үүсвэрээс 2025-2028 оны хооронд 7.3 тэрбум ам.доллар, 2029-2032 оны хооронд гэрээнүүдийн дагуу 6.2 тэрбум ам.доллар авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu