ОУОХ трансжендер тамирчдыг хориглох шийдвэр гаргаж магадгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

Олон улсын олимпын хороо /ОУОХ/ спортын бүх төрлийн уралдаан, тэмцээнд трансжендер тамирчдыг оролцохыг хориглож магадгүй болоод байна. ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри сонгуульд өрсөлдөхдөө эмэгтэйчүүдийн ангилалд хүйсээ солиулсан тамирчдыг оролцуулахгүй байх шийдвэр гаргана гэх амлалт өгч байсан юм. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй ч ОУОХ-ны салбар хороодод хэлэлцүүлэг өрнөж байна.

Өнгөрөгч долоо хоногт ОУОХ-ны анагаахын шинжлэх ухааны зөвлөлийн гишүүд өөрчлөгдсөн билээ. Гишүүд өөрчлөгдсөн нь спортын бүх төрлийн тэмцээнд хүйсээ солиулсан  тамирчдыг оролцуулах эсэх асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэхэд оршиж байгаа юм. Дээрх зөвлөлийн эхний дүгнэлтээс харвал биологийн хувьд эрэгтэй хүн хүйсээ солиулж “эмэгтэй” болж тестостероныг дарангуйлах эмчилгээ хийлгэсэн ч физиологийн давуу тал нь хадгалагдсаар байдаг ажээ.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Кирсти Ковентри хэлэхдээ “Олимпизмын үйл хэрэгт манлайлдаг ОУОХ энэ чиглэлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой” гэсэн байна. Хэдийгээр 2026 оны өвлийн олимпоос өмнө эцсийн шийдвэр гарах нь эргэлзээтэй ч 2028 оны олимпоос өмнө эцсийн шийд гарах хүлээлттэй байгаа юм.

Шинэ Зеландын тамирчин Лорел Хаббард 2020 оны Токиогийн зуны олимпын хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдсөн нь олимпын наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болж байв. Хэдийгээр +87 зг жинд амжилттай өргөж чадаагүй ч 2013 онд хүйсээ солиулаагүй байхдаа эрэгтэй төрөлд оролцож байсан нь тодорхой болсон юм.

Дэлхийн хөнгөн атлетик болон боксын холбоод энэ жилээс эхлэн бэлгийн генетикийн шинжилгээ хийдэг болоод байна. Удахгүй хэд, хэдэн спортын холбоод энэ туршлагыг нэвтрүүлэхээр судалгааны ажлаа эхэлжээ.


Эх сурвалж: BBC

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top