Хятадын нисэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч Ehang компани EH216-S хэмээх нисэгчгүй агаарын таксигаар зорчигч тээвэрлэх үйл ажиллагааг арилжааны журмаар удахгүй албан ёсоор явуулж эхлэхээр төлөвлөж байгаа ажээ.
“БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн газраас бид үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээ авсан болохоор EH216-S нисгэгчгүй агаарын таксиг удахгүй албан ёсоор арилжааны ашиглалтад оруулна гэсэн үг юм. Бид бүр өнгөрсөн жилээс төхөөрөмжөө худалдаж эхэлсэн боловч нийт салбарыг хөгжүүлэхэд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, агаарын орон зайг удирдах журамд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Ялангуяа нисэгчтэй болон нисэгчгүй нисэх төхөөрөмжүүд нэг бүс нутагт нислэг үйлдэж байгаа тохиолдолд аюулгүй байдлыг хангах асуудлыг цаашдаа шийдэх хэрэгтэй” гэж Ehang компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ван Жао мэдээлсэн байна.
Тус компани 2024 оноос хойш 216 ширхэг ийм тээврийн хэрэгсэл худалдан борлуулаад байгаа гэнэ. Тус компани захиалагч төрийн байгууллагууд болон хувийн компаниудтай хамтран уг тээврийн хэрэгслийг ашиглах талбарыг төлөвлөж байгаа ажээ. Энэ онд зохих хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулснаар нислэг үйлдэх нөхцөлүүд улам сайжрах юм байна. EHang компани зорчигч тээврийн EH216-S нисгэгчгүй нисдэг төхөөрөмжөөс гадна 100 литр хүртэл гал унтраах шингэн тээвэрлэх боломжтой гал түймрийн EH216-F нисгэгчгүй нисдэг төхөөрөмж, 250 кг хүртэл бага хэмжээний ачаа тээвэрлэх EH216-L нисэгчгүй нисдэг төхөөрөмж бүтээсэн ажээ.
Сэтгэгдэл ( 0 )