Ганцмод боомтод Хятадын талын нүүрсний агуулах сав дүүрч, татан авалт удааширсан байдалтай байна. Энэ талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгаас тодрууллаа.
-Нүүрс тээвэр, хил нэвтрүүлэх ажил хэвийн байгаа юу?
-Өмнө нь манайд нүүрс тээвэр, татан авалтын даацыг авч чадахуйц боомтын бүтээн байгуулалт буюу дэд бүтэц байгаагүй. Одоо бол тэр дэд бүтцийг бий болгож чадсан. Мэдээж энэ бол бидний зорьж буй зорилт 100 хувьд хүрсэн гэсэн үг биш. Гэхдээ бид 3-4 жилийн өмнөхтэй харьцуулбал ямар ч гэсэн 83 сая, цаашлаад 100 сая тоннын эрдэс баялгийн худалдааг хоёр улсын хооронд хийх, хэд хэдэн боомтод ийм чадавхийг бүрдүүлж байна.
-Нүүрсний үнийн уналтаас үүдэж, Хятадын компаниуд өмнө нь өндөр үнээр худалдан авсан нүүрсээ татан авч чадахгүй байдалд хүрсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын экспорт, төсөвт хамгийн гол нөлөө үзүүлж байдаг нь Ганцмод-Гашуунсухайтын боомт. Ганцмод бол Хятад талын боомт. Тэнд Биржийн хуулийн дагуу хүргэж өгдөг үнэ ханшаар бид нүүрсээ хүргэж өгч байгаа. Нүүрсний үнийн уналттай холбоотойгоор Ганцмод дээр байгаа нүүрс буулгах талбайнууд дүүрсэн байдалтай байна. Жолооч нарын хэлж заншсанаар бол “Адууны хашаа” гэж нэрлэдэг нүүрсний талбайд жишээлбэл, өчигдөр гэхэд дөрвөн хэсэгтэй байх байтал 2-3 дугаар хэсэг дээр нүүрс дүүрсэн байсан учраас тэнд буулгах машины хувьд урт дараалал үүссэн. Өөрөр хэлбэл, буулгах талдаа дараалал үүссэн, хил бол нээлттэй нэвтэрчихэж байгаа юм. Цаанаа очоод талбайд буулгахдаа удаашралтай. Өчигдөр хоосон машинуудыг бүгдийг Монголын хил рүү татаж авах ажлыг зохион байгуулсан. Тэгэхээр хоёр улсын хил, хил нэвтрэлт дээр асуудал байхгүй гэж ойлгож болно.
-Гол нь худалдан авагч талын сав дүүрсэн гэж та хэллээ. Ямар шалтгаанаар тэгсэн юм бол?
-Энэ сав яагаад дүүрсэн гэхээр мэдээж хэрэг үнэтэй холбоотой. Нүүрсийг гэрээ хийгээд нэг өдрийн дотор юм уу, авчихдаг зүйл биш. Хэмжээнээсээ хамаараад нэг сар, хоёр сар, зургаан сар, нэг жилийн хугацаанд татаж авдаг. Энэ урт хугацаатай татаж авч буй процесс дунд дэлхийн зах зээлийн гэх юм уу, Хятадын эдийн засгаас хамаарсан нүүрсний үнийн өөрчлөлтөөс болж нөгөө өндөр үнэтэй авсан нүүрсээ татах асуудалд аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсэж байна. Тиймээс өнөөдөр биржийн хуулийг сайжруулах, тогтмол буюу статистик үнэтэй байхаас илүү дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор үнээ индексжүүлж өөрчилдөг ийм зүйлийг оруулж өгөхгүй бол Монгол Улс хэтэрхий хатуу, түүнээсээ болж бараа бүтээгдэхүүн, баялгаа зарж чаддаггүй асуудал руу орж байна.
-Нүүрсний үнэ дээр ямар бодлого баримталж байна вэ?
-Нүүрсний үнийн хувьд бид төсвөө бодохдоо ч гэсэн тэнцвэржүүлсэн үнийг барьж боддог. Хэдийгээр нүүрсний үнэ 2019 оны түвшинд бууж очсон ч гэсэн улсын төсөв дээр тогтворжуулалтын сангаараа тэнцвэржүүлсэн үнийн зөрүүгээс буцааж нөхөөд, төсвөө барих боломжтой. Гэхдээ гол хүсэж байгаа зүйл үүнээс доош бүү унаасай. Ингээд тогтворжоод цааш өсөх юм уу, үүнийгээ хадгалах байдалд байгаасай гэдэг хүлээлт байна. Үүнд Засгийн газар зүгээр суухгүй байгаа. Долоо хоног бүр экспортын ажлын хэсгийг гаргаж байгаа, бидний зүгээс энэ нь “Гэрийн даалгавар” гэсэн үг. Монгол талаасаа нүүрс олборлолт, тээвэрлэлт, нүүрсний өртөг шингэж байгаа тэр өртгүүдийг буулгах ямар бололцоо байна гэдгийг судлаж байгаа. Ингэж чадвал бид нүүрсний үнэ буурсан ч тогтвортой нийлүүлэлт хийж, цааш тогтвортой явах, төсөв тасрахгүй, орлого тасалдахгүй байх нөхцөл болно гэж үзэж байна гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ ямар ч менежер биш, зүгээр л нэг долоогч, энийг огцруулаад нэмэргүй л дээ, дараагийнх нь энэнээсээ дээрдэхгүйгээс хойш, угаасаа манай төр, засгийн өнөөгийн байгаа царай л энэ
Энэ нэг балай юмыг огцруулчмаар байхын! Суганы үс!