Мэргэжлийн сүмогийн Нацү башё эхлээд хоёр өдрийн барилдаан болоод байна. Энэ башёд үзэгч, мэргэжилтнүүдийн гол анхаарал шинэ ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн мөн озэки Ооносато хоёр дээр тусаж байгаа.
Эхний хоёр өдрийн барилдаанд хоёулаа давлаа. Гэхдээ хоёр дахь өдрийн барилдаанд нэг нь эрэмгий дайчин барилдан ялж, нөгөө нь эргэлзэн татсан юм.
Хоошёорюүгийн хувьд эхний өдөр Вакатакакагэг давсан. Тэгвэл хоёрдахь өдрийн барилдаанд түүний төрсөн ах Вакамотохарүг давлаа. Вакамотохарү ёкозүнаг “шатаах” гэсэн үү харцны тулаан хийснээ дараа нь харцаа буруулан ёслогоондоо анхаарлаа хандуулсан юм. Энэхүү арганд нь Хоошёорюү авталгүй барилдаан эхэлмэгц давхар сугадаж эрэмгий шийдэмгий дайраад өрсөлдөгчөө дохёгоос гаргалаа.
Давсныхаа дараагаар Хоошёорюү “Барилдааны төгсгөл хүртэл анхаарал алдахгүй байж чадлаа. Би өдөр бүр чадах бүхнээ хийж барилдана гэж бодож байгаа. Маргааш ч мөн адил” хэмээн өгүүлжээ.
Тэгвэл Хоошёорюүгийн багш Тацүнами ояката өмнөх башёгийн барилдаан нь яагаад болоогүй талаар ярихдаа “Баруун тохой гэмтэлтэй болохоор бэлтгэлээ сайн хийж чадаагүй. Тэгээд ч шинээр ёкозүна цол хүртээд барилдахад сэтгэлзүйн нөлөө ч бий. Харин энэ удаагийн башёгийн өмнө бэлтгэлээ хангалттай сайн хийсэн. Тохойны зовиур үгүй болж, бэлтгэл жигдэрсэн. Энэ башёд сайн барилдахаас өөр зам түүнд байхгүй. Ёкозүнагийн хүчийг харуулах ёстой. Хэрвээ тааруухан барилдаад, тэмцээний дундаас гарвал хүмүүс юу хүссэнээ л ярина шүү дээ. Өөрөө ч үүнийг хэнээс ч дутуугүй мэдэж байгаа. Озэки байсан үеийнхээс одоо их өөр. Ёкозүна болохоор дэмжигчдийн тоо нэмэгдэхээс гадна мөн шүүмжлэгчдийн тоо ч нэмэгдэнэ” хэмээн өгүүлсэн байна.
Озэки Ооносато өмнөх башёд түрүү бөхийн төлөө сүүлчийн өдөр хүртэл өрсөлдсөн комүсүби Такаясүтай тулахдаа бяр чадал, эрч хүчийг нь мэдрээд тогтоохгүй нь гэж сандарсан уу, шилдэж татан давлаа. Энэ башёд дахиад татаж давбал сүмогийн мэргэжилтнүүд шүүмжлэх магадлал өндөр.
Ооносато барилдааны өмнө өгсөн бичил ярилцлагадаа “Ёкозүна цолны тухай яриаг би маш олон сонссон болохоор одоо их юм бодохоо больсон. Хүчтэй бөхчүүд озэки цол хүртдэг л юм. Гэхдээ ёкозүна болно гэдэг бол арай өөр шүү” гэж ояката хэлсэн” хэмээн өгүүлсэн. Ояката нь ёкозүна Кисэносато гэдгийг сүмо сонирхогчид андахгүй биз ээ. Гэвч өнөөдөр Такаясүтай барилдахдаа бол Ооносато бага зэрэг сандарсан, барилдааны явцад хүч чадал, давна гэдэгтээ эргэлзсэн шинжтэй харагдаж, шилдэж татсан нь ч гэрчлэх шиг боллоо.
Хэрвээ тэрбээр сайн барилдаж ёкозүна цол хүртэж чадвал сүмогийн түүхэн дээд амжилтын эзэн болно. Важима 21 башё барилдаад ёкозүна цол хүртсэн амжилтыг 12 болгож үлэмж ахиулах юм.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны оноолтыг та бүхэн харна уу.
Сэтгэгдэл ( 0 )