Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн үеэр Холбооныхон олон янзын шинэ, сонирхолтой ажлууд сэдэж хэрэгжүүлж буйн нэг нь “Рёгокү Кокугикан” ордны Сүмогийн музейд “Master TalkShaw” хэмээх уулзалт, ярилцлага хийх болсон нь юм. Үзэгч, сэтгүүлчидтэй уулзах энэхүү ярилцлагад озэки Такакэйшо болон ёкозүна Тэрүнофүжи нар оролцжээ.
Эхлээд Такакэйшогийн ярианаас хүргэе. 183 кг хүртэл жин татаж явсан озэки сүүлийн хэдэн сард 40 кг жин хасаж, 130 кг болчихоод байгаа юм байна. Хасах ч юу байхав, ердөө хоол хүчилж идэхээ болиход л жин нь шууд буусан гэнэ.
“Одоо би заавал идэх ёстой гэж өөрийгөө хүчлэх шаардлагагүй болсон. Биеийн хүчний бэлтгэл, ачааллаа ч бууруулсан. Өмнөхөөсөө бага идэх болсон. Тэгэхээр турах гээд тураад байгаа юм биш. Өөрөө аяндаа л жин маань буурч байна. Ер нь би их идэх дуртай биш л дээ” гэжээ.
Түүний энэ яриа 2005 онд улсын заан Рэгжийбуугийн Даваанямтай уулзаж ярилцахад тухайн үед Ама нэртэй, хожмоо Харумафүжи нэртэй ёкозүна болсон хүү Д.Бямбадоржийнхоо талаар ярьж байсныг эрхгүй санагдууллаа. Тэгэхэд Р.Давааням заан “Миний хүүд тэр дэглэм, барилдаан нь биш харин их идэх нь л хамгийн хэцүү байгаа юм билээ” гэж билээ. Их иддэггүй эсвэл их идэж чаддаггүй залууст заавал идэж байж жин нэмэх, жин нэмж байж өрсөлдөгчдөө аваад шидүүлчихгүй байх, хүч бяр нэмэх нь хэцүү “тулаан” байдаг. Үүнийг Такакэйшо туулаад гарчээ.
Түрүүн хэлсэнчлэн 2021 онд жин нь 183 кг-д хүрч байсан удаа бий. “Барилдаж байх үедээ би жинд маш их анхаарч, их идэхийг хичээж, өдөр бүр жин дээр зогсдог байлаа. Өглөө, орой болгон жингээ үздэг байсан” хэмээн өгүүлжээ.
Такакэйшо одоо сүмодоо Минатогава ояката гэх нэртэй болж, ирээдүйд Токиваяма дэвжээг эзэмших болно. Ирэх 10 дугаар сард үсээ авахуулах ёслолоо хийлгэхээр товлосон. Энэ сарын 11-нээс ёслолын тасалбар худалдаанд гарсан байна. Энэ ёслолын дараагаар дэвжээний эзэн болох хэрэг.
Шинээр гарч ирж буй бөхчүүдээс Украины Аонишикиг үнэлж буйгаа Такакэйшо онцлон дурджээ. “Гурван жилийн дараа гэхэд энэ бөх маш хүчтэй сүмоч болж, доргионо гэж бодож байна. Одоохондоо жин харьцангуй багатай. Гэхдээ жин нэмнэ. Жин нэмэгдээд ирэхээр дээд зиндаанд илүү хүчтэй том өрсөлдөгч болно. 10 юмуу 20 кг жин нэмэхэд л улам сайн барилдаж эхэлнэ. Мөн сүмогийн мэх, барилдаануудаа сайжруулчихна. Тэгээд дараа нь озэки, ёкозүна цол руу зүтгэх магадлалтай” гэжээ.
Такакэйшогийн дурдаад буй Аонишики бол 21 настай, жин нь 136 кг гэж тэмдэглэсэн байна. Хэдэн хоногийн өмнө гараараа хагалж татаад өрсөлдөгчөө давж буйг манай бөх сонирхогчид анзааран харж, Булганыхны татааг хийлээ гэж хошигноцгоосон. Үнэхээр л цагтаа Булганы улсын начин И.Ёндонсамбуу, одоо Д.Амарсайхан начингийн хийж буй мэхийг тун эвлэгхэн гоё хийнэ лээ.
Такакэйшо руу эргээд шилжье. Одоо 28 настай залуу шүү дээ. Нэг үгээр хэлбэл, дэндүү эрт сүмочийн замналаа өндөрлүүлчихсэн. Гэмтэл бэртлээс болсон. Үүнд харамсаж буй эсэхийг нь асуухад “Үсийг минь авна гэдэг тамирчны замнал маань ингээд үнэхээр дууслаа гэдгийн илэрхийлэл болно. Би харамсахгүй. Харин ч сүмоч байснаараа бахархана” гэжээ.
Такакэйшогийн дараагаар уулзалт ярилцлагад ёкозүна Тэрүнофүжи уригдлаа. Озэкигийн 40 кг жин өөрөө хасагдсан тухай ярианаас улбаалаад ёкозүнагийн жингийн талаар яриа өрнөсөн байна.
“Би 20 кг турсан. Гэхдээ өвдөг маань өмнөхөөсөө ч илүү хүчтэй өвдөх болсон. Булчингийн масс хасагдсанаас болсон байх” гэж Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тайлбарлажээ. Өнгөрсөн нэгдүгээр сард сүмочийн замналаа өндөрлүүлсэн ёкозүнагийн хувьд үс авах ёслолын тов гараагүй байгаа.
Түүний харъяалагддаг Исэгахама дэвжээний Хакүохо одоогоор 6 даваатай явна. Нэг ч ялагдаагүй. Ер нь бол ёкозүна Хакүхогийн дэвжээнд эхэндээ байсан бөх. Хакүхогийн дэвжээний бөхчүүдийг Исэгахама руу нэгтгэснээр Тэрүнофүжитэй их ойр болсон хэрэг. “Хэлж өгснийг маш хурдан сурдаг сүмоч. Хөл чангатай, уян хатан чанар сайтай. Толгойгоо тонгойсхийгээд тулж ордог. Зорилгын тухайд бол өөрөө хичээж их хөдөлмөрлөвөл энэ жилдээ саньякү цолд хүрэх найдлага бий” гэжээ.
Мэдээж, Хоошёорюүгийн тухай яриа өрнөлгүй яахав. Хоёр ялагдчихсан яваа. Гэхдээ 4 ялсан. Яавал илүү сайн барилдах боломжтой талаар бодлоо хэлэхдээ Тэрүнофүжи “Ёкозүна цолтой бөх ч гэлээ илүү олон янзын бэлтгэл хийх хэрэгтэй юм шиг надад санагдаж байгаа. Нэг газраа, хэдхэн бөхтэй л бэлтгэл хийгээд байгаа юм. Дасчихсан бөхчүүдтэйгээ л бэлтгэл хийгээд барилдаад байвал өрсөлдөгч нар ч дасчихна шүү дээ. Өөрийгөө илүү ирлэж, ашигладаггүй булчингуудаа ажиллуулах хэрэгтэй. Хоошёорюү бол хөл сайтай, ажиллах чадвар өндөртэй бөх. Тэгээд ч бие нь үүнээс ч илүү том болно шүү дээ” гэжээ. Ингэж хэлснийхээ дараагаар нийт 38 бөхтэй, үүнээс 7 сэкиторитой өөрийнхөө дэвжээнд ирж бэлтгэл хийхийг урьсан байна.
Ооносатогийн тухай ёкозүнагаас асуухад “Маш хүчтэй, хурдтай давшиж барилдаж байна” гэжээ. Тэгэхээр нь “Ооносато илүү сайн барилдахын тулд юу хийх ёстой вэ?” гэж лавлахад Тэрүнофүжи наргиа хийсэн маягтайгаар “Хэлэхгүй ээ. Хэлчихвэл манай дэвжээнийхэн түүнийг давж чадахаа больчихно шүү дээ” гээд инээмсэглэжээ.
Мэдээллийнхээ төгсгөлд хүнд бэртэл, амаргүй өдрүүдийг давж гарч, ёкозүна цолд хүрч, монголчууддаа баяр бахархал нэмсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн зодог тайлж буй тухайгаа зарласан хэвлэлийн хурлын дараах зургийг оруулчихъя.
Сэтгэгдэл ( 1 )
Ган-Эрдэнэ эхэн үедээ ялалтанд шуналгүй өвдгөө өнжиж эмчлүүлсэн бол ингэж хүндрэхгүй байсан санагддаг. Хаашдаа олон түрүүлэх байсан хойно. Эрүүл энхийг хүсье. Такэкэйшо залуужсан жаргалтай стрессгүй харагддаг болсонд баярлаж сууна. Их стресстэй байж дээ. Түнтийсэн харвах гэж байгаа ууртай царайтай барилддаг байсан\n