Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн банцүкэгийн санданмэгийн 1 дээр Иказүчидо хэмээх 20 настай бөхийн нэр бичээстэй бий. Одоогоор энэ сүмоч 2 ялалт, 3 ялагдалтай явна. Өмнөх сарын башёд Макүшитад дэвшсэн ч 3 ялж, 4 ялагдсан учир доош буугаад санданмэг ахлаж барилдаж буй ажээ.
Нигери аавтай, япон ээжтэй энэ залуугийн амьдрал сүмо шиг хатуу. 2024 оны наймдугаар сарын 10-нд Иказүчидо дэвжээндээ олон хоногийг өнгөрүүлчихээд гэртээ түр харихаар явжээ. Гэр нь Сайтамагийн Сокэд байдаг. Ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг, өөр хамаатан садан байхгүй залуу сүмогийн хатуу ёсын дагуу дэвжээндээ хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөсөөр хэдэн сар ээждээ очиж чадсангүй.
Ингээд гэрийнхээ хаалгыг цохитол тайлдаггүй гэнэ. Хүн байгаа ч шинжгүй. Ээж нь бие муутай тул хүү сандарч хүү эхэлжээ. “Хаалгаа их удаан цохисон. Олон ч удаа цохисон. Гэвч тайлж өгөөгүй. Тэгэхээр нь байшингийн эзэнтэй холбоо барьж, хаалгыг хүчээр нээж орсон юм” гэж Иказүчидо яриад нүдэнд нь нулимс цийлэгнэлээ.
Ортол ээж нь нас барчихсан байж. Ээж нь 52 настай байлаа. Зуны халуунд наранд цохиулсан уу, эсвэл бие нь өвдөөд ухаан алдсан уу, ямар ч байсан нас бараад сар гаруй болжээ. Их халуун учир арьс, мах нь шазарч гуужаад, яс нь цухуйчихсан байсан гэнэ. “Ээж наранд цохиулчихсан юм болов уу...Тэгээд эргээд босож чадаагүй байх. Би их уйлсан” гэж ярьсан юм. Ээжийнхээ биеийг муу байхад дэргэд нь байж асарч, халамжилж чадаагүйдээ өөрийгөө зүхэж, буруутгажээ.
Иказүчидогийн жинхэнэ нэрийг Нери Ямада гэдэг. Ээж нь Токио хотынх. Аавыгаа бол өсвөр наснаасаа хойш хараагүй. “Намайг гуравдугаар ангид байх үед нигери аав маань хааяа нэг ирдэг байсан юм. Түүнээс хойш хараагүй” гэж ярилаа. Тавдугаар ангид байхад ээжийг нь сэтгэл гутралтай, харилцааны доголдолтой гэж оношилсон байна. Өвөө, эмээ гээд ойрын гэх хамаатнууд нь эрт өөд болцгоосон тул ээжтэйгээ хоёулхнаа үлдсэн хүү жижигхэн өрөөнд амьдардаг байжээ. "Ээж маань сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн биш байсан. Амьдралаас аз жаргал мэдрэхээ больчихсон байлаа" гэж Иказүчидо дурссан байна.
Хүнд амьдралд өссөн хүү Жеки Чан, Брюс Лигийн тулаантай кинонуудыг үзэж, тэд нар шиг алдартай кино жүжигчин болно гэж мөрөөдөх болжээ. Үүний тулд жүдогоор хичээллэж эхлэв. Жүдогоор хичээллээд Сайтама мужийн шилдэг дөрвөн өсвөрийн тамирчны нэг болж чадлаа. Энэ үед түүнийг Токиогийн Шүтокү ахлах сургуульд Омори Ацүши дасгалжуулагч урьсан байна.
“Надад сургалтын төлбөр төлөх мөнгө байгаагүй болохоор саналаас нь татгалзах гэсэн юм. Гэвч сургуулийн захирал төлбөрийг минь даана гэсэн”. Ингээд Ямада хүү үргэлжлүүлэн суралцахаар боллоо. Одоо бол украин сүмоч Шишигийн туслах хийж байгаа гэнэ.
Ёкозүна Хакүхо хүртэл түүний бие хаа, эрч хүчийг үнэлсэн удаатай. Ер нь түүнд хүмүүс их сайн. Өөрөө ч харилцаа сайтай, уриалгахан залуу. Ахлах сургуульдаа 50 метрийн зайд 5.9 секунд гүйдэг байсан тэрбээр одоо сүмочид дундаа хамгийн хурдан нь.
Токиогийн коллежид жүжигчний мэргэжлээр суралцах хүсэлтэй байсан ч багшийнхаа хүслийг дагаж сүмо рүү оржээ.
“Ээжийг өөд болсныг мэдснээс хойш долоо хоногийн дараа би дэвжээндээ буцаж очсон. Зүрх сэтгэл минь аймшигтай байсан тэр үед ояката намайг тэврээд “Өнөөдрөөс эхлээд би чиний аав” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод нулимсаа тэвчихийг их хичээсэн” гэж ярьжээ. Иказүчидо тэр өдрөөс хойш улам эрч хүчтэйгээр бэлтгэл хийх болжээ. Одоо жин нь 106 кг болж, овоо нэмэгдээд байгаа гэнэ. Түүнийг тэвэрч аваад аав чинь гэж хэлсэн хүн бол Макүүчи зиндаанд барилдаж явсан Какизоэ буюу Каминари ояката юм.
“Би Каминари ояката болон багш нарынхаа төлөө заавал сэкитори болно. Тэгж л би ачийг нь хариулна” гэж Иказүчидо өгүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )