Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 12 дахь өдөр буюу тавдугаар сарын 22-нд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн 26 насны төрсөн өдөр байлаа.
Энэ өдөр түүнтэй дохёд оноолт таарсан бөх нь сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн байсан юм. Эдүгээ цагийн Монголын сүмочдийн толгойд бичигдэж буй хоёр залуугийн барилдаанд энэ удаад Киришима барьцаар илүүрхэн давлаа. Тэрбээр ёкозүна цолтныг ялж үзээгүй байсан тул "Анх удаагаа ёкозүнаг ялж үзлээ. Санаа амрах шиг санагдаж байна" хэмээн инээмсэглэн өгүүлжээ.
“Хоошёорюүтай би барилдах бүртээ үнэн хүчийг шавхаж, бэлтгэл ч байна уу, башё ч байна уу давахыг л хүсдэг” гэж Киришима нэмж хэлжээ.
Ингэснээр Хоошёорюү, Киришима хоёр хоёулаа тус бүр 9 ялалт, 3 ялагдалтай боллоо. Ялагдсаныхаа дараагаар ёкозүна Хоошёорюү шүршүүрээс гарч ирээд ярилцлага авахыг хүссэн сэтгүүлчид “Өнөөдөр биш шүү!” гэж хэлсэн байна.
Ёкозүна цол горилон барилдаж буй Ооносато 12 өдрийн барилдаанд бүгдэд нь даваад буй тул үлдсэн гурван барилдаандаа ганц л давахад түрүүлэх нь ойлгомжтой боллоо.
Ингэснээр сүмогийн түүхэнд 13 башё барилдаад л ёкозүна цол хамгийн хурдан хүрсэн бөх болох юм.
Өнөөдрийн түүний өрсөлдөгч нь озэки Котозакүра байх болно. Ням гаригт буюу сүүлчийн өдөр ёкозүна Хоошёорюүтай тулах нь тодорхой. Харин 14 дэх өдөр сэкивакэ Киришиматай оноох магадлал өндөр байна.
Сэтгэгдэл ( 0 )