Хөлбөмбөгийн хамгийн алдартай хууралтуудыг хэн зохиосон бэ?

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 23

Дэлхийн их спорт хөлбөмбөгийг  үүрд өөрчилсөн алдартай хууралтуудыг танилцуулж байна.

Мэттьюс эргэх хууралт (Matthews turn)

Англичуудын домогт хөлбөмбөгчин Стэнли Мэттьюс зөвхөн Алтан бөмбөг шагналын анхны эзэн гэдгээрээ түүхэнд бичигдээгүй. Тэр ирээдүйн олон хууралтуудын үндэс болсон нэгэн онцгой техникийг зохиосон тамирчин юм. Сэр Стэнли Мэттьюс баруун жигүүрийн довтлогчоор тоглодог байсан бөгөөд шугамын ойролцоо чөлөөт зай олох үүрэгтэй байв. Тиймээс тэрээр баруун хөлнийхөө дотор талаар бөмбөгийг зүүн тийш өнхрүүлээд, гэнэт баруун хөлнийхөө гадна талаар баруун тийш хуурах техникийг ашигладаг байв. Анхны хөдөлгөөнд хууртсан хамгаалагч эсрэг зүгт хөдөлж буй Мэттьюсын ард үлдэх нь дамжиггүй байв.

Пушкашийн хууралт

1953 оны арваннэгдүгээр сарын 25-нд англичууд шинэ бодит байдалтай нүүр тулсан юм. Түүнээс гурван жилийн өмнө Англи ДАШТ-д Испани болон АНУ-д хожигдож бүтэлгүйтсэн ч, тивийн Европын багуудад гэртээ ялагдаж үзээгүй байлаа. Гэвч Унгарын шигшээ түүхийг шинэчилж, тухайн үеийн Британийн телевизийн хөгжлийн ачаар олон хүн энэ тоглолтыг үзэх боломжтой болсон юм. Тэр тоглолтод хамгийн дурсамжтай хуурах техникийг агуу Ференц Пушкаш үзүүлсэн байдаг. Тэр торгуулийн талбайн булан орчимд дамжуулалт авч, Билли Райтыг хуурсан. Английн багийн ахлагч Пушкаш хаалга руу чиглэн гүйх байх гэж бодон гулгаж орсон ч, Ференц бөмбөгөө өсгийгээрээ арагш татаж, хөл дороо оруулан буцаан аваад, ойрын булан руу хүчтэй цохисон гэж олон улсын спортын шинжээчид эргэн дурсаж байна.

Роберто Ривелино ба түүний “эластико” техник

Энэхүү хууралт 21-р зуунд Роналдинио гэх “илбэчин” тоглогчоор дамжин дэлхий дахинд алдартай болсон ч, түүнийг анх 1970-аад онд харуулсан хүн нь домогт Роберто Ривелино хэмээн тооцогддог. Роналдинио үлгэр дуурайлал авах хүнтэй байсан. Харин Ривелино телевиз хөгжөөгүй, интернет ч байгаагүй цаг үед тоглож байв. Тэгвэл хэн нь илүү гүйцэтгэсэн бэ? Энэ бол маргаантай асуулт ч уг хуурах техник нь бразил гаралтай гэдэг нь маргаангүй үнэн юм. “Эластико” финтийн нууц нь хамгаалагчид нэг зүг рүү хөдөлнө гэж ойлгуулчхаад, эсрэг зүгт гэнэт давших юм. Энэхүү хууралтын техникийг зөвхөн өндөр чадвартай тоглогчид л хийх боломжтой. Учир нь бүх хөдөлгөөнийг ганцхан хөлөөр, маш хурдан хугацаанд, биеэ налуулан, төвийн хүндийн цэгээ гэнэт өөрчилж гүйцэтгэх ёстой. Өнөө үед энэ мэхийг ихэвчлэн хаалганы шугамын ойролцоо, бараг хөдөлгөөнгүй байрлалаас ашигладаг болсон. Харин Ривелино төвийн бүсэд гүйж байхдаа хүртэл энэ техникийг гүйцэтгэж чаддаг байжээ.

Марадона ба Зидан нарын эргэх техник

Марадонагийн олон хуурах техникийн нэг нь зүүн хөлний улан дээр бөмбөгөө чирч, биеэрээ 360 градус эргэх бөгөөд дараагийн хөдөлгөөнөөр баруун хөлөөрөө бөмбөгийг хамгаалагчаас цааш түлхэн довтолдог байв. Хожим Зинедин Зидан энэ финтийг өөрчилж, хоёр зүгт эргэх чадвартай болсон. Тэрбээр бүр хөдөлгөөнгүй зогсож байхдаа ч хамгаалагчийг хуурч чаддаг байв. Агуу бөгөөд даруухан Зидан Марадонагийн техник чадварыг хүлээн зөвшөөрдөг байв. Окочагийн “алхалттай” хууралт (stepover)

Нигерийн Жэй-Жэй Окоча шоу үзүүлэх дуртай зангаараа бразил тоглогчдыг санагдуулдаг. Тэр “солонго” хуурах техникийг байнга хийдэг байсан ч, өөр нэгэн онцгой финтийн зохиогч гэдгээр түүхэнд бичигдсэн. Тэр нь баруун хөлний улан дээр бөмбөгөө зүүн тийш өнхрүүлж, зүүн хөлөөрөө баруун тийш цохилт өгөх гэж байгаа мэт хуурамч хөдөлгөөн хийж, бөмбөгийг улам зүүн тийш ошиглөнө. Эцэст нь баруун хөлний гадна талаар бөмбөгөө аваад зүүн тийш хурдан давшдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu