АНУ Иранд үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах, тэр дундаа хүч хэрэглэх боломжийг нухацтай хэлэлцэж байна гэж Цагаан ордны тэргүүн Доналд Трамп мэдэгджээ. Хэвлэлүүдийн мэдээллээр, сүүлийн хэдэн хоног Цагаан ордны тэргүүнд Иранд цохилт өгөх боломжоос авхуулаад цэргийн оролцоо хүртэл янз бүрийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Тегеран жагсагчдын эсрэг хүчний байгууллагуудыг ашиглаж байгаа нь ийм арга хэмжээ авах үндэслэл болж байна гэж мэдэгджээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-наас Иранд үндэсний валют үнэгүйдсэнтэй холбогдуулан бүх нийтийн хамарсан жагсаал өрнөж байна. Үүний хариуд эрх баригчид аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгаж, хууль хүчнийхэн нулимс асгаруулагч хий зэргийг ашиглав. Үймэн самуунд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн Ираны эрх баригчид гурван хоногийн гашуудал зарлаад байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Гашуудлын арга хэмжээнд Ираны ерөнхийлөгч Мазуд Пезешкиан оролцох бөгөөд тэрбээр АНУ, Израилыг тус улсад үймээн самуун дэгдээж буйд буруутгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )