Мэргэжлийн Сүмогийн Нацү башё дуусахаас хоёр хоногийн өмнө түрүү бөх тодорлоо. Тэр бол 24 настай, 192 см өндөр, 191 кг жинтэй озэки Ооносато юм. Тэрбээр озэки цолтойгоор хоёр башё дараалан түрүүлснээр ёкозүна цолны болзлыг бүрэн хангалаа.
Озэки Котозакүраг ялж, түрүүлсний дараагаар түүнээс сэтгүүлч чухал барилдааны өмнө юу бодож байсныг нь асуухад “Өдрийн турш бодсон ганц зүйл маань аль болох сайн төвлөрч барилдах л байлаа. Өөр юм би бодоогүй. Зүгээр л дохёд гараад хийдэг зүйлээ л хийсэн” гэсэн юм. Ёкозүна цол хүртэх тухай юу бодож явааг нь лавлахад “Башё дуусах болоогүй байна. Үлдсэн хоёр өдөр ялахын төлөө чадах бүхнээ хийнэ. Зөвхөн маргаашийн барилдаанаа л бодно” хэмээн хариулсан юм.
1958 оноос мэргэжлийн сүмод жилийн зургаан башё зохион явуулж эхэлснээс хойш 13 башё барилдаад ёкозүна цол хүртэх болж, түүхэн дээд амжилт тогтоож байна. Түүнээс өмнө Важима 21 башё барилдаж, ёкозүна цолд хүрч байжээ.
Ооносато сонирхогчдын сүмогийн ёкозүна байсан тул макүшитагийн 10 дээр эрэмбэлэгдэж, мэргэжлийн сүмод хөл тавьсан.
Мэргэжлийн Сүмогийн Холбооны тэргүүн Хаккакү ояката “Ооносато том дарамтанд байлаа ч гэсэн түрүүлэхдээ маш итгэлтэй түрүүлдэг” хэмээн магтжээ. Энэ сарын 28-нд Холбоо ээлжит бус хурал хийж, Ооносатог 75 дахь ёкозүнагаар тодруулах нь бараг тодорхой юм. Учир нь озэки цолтой бөх хоёр дараалан түрүүлсэн тохиолдол бүрт ёкозүна цол хүртэж байсан түүх бий.
2021 онд Хакүхо зодог тайлснаас хойш Тэрүнофүжи ганцаараа ёкозүна болж үлдсэн. Тэгвэл ганц ёкозүнагийн үе үүгээр улирч, Хоошёорюүгийн хамтаар сүмогийн ноён оргилд гарч байна. Мөн ёкозүна цол горилогч башёгийн 13 дахь өдөр түрүү хүртсэн түүхэн дэх анхны тохиолдол болжээ.
Сэтгэгдэл ( 0 )