Ооносато: Хоошёорюү бол миний давж гарах ёстой хана хэрэм

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 26


Мэргэжлийн сүмогийн Нацү башёд озэки Ооносато 14 даваатайгаар түрүүлж, ёкозүна цол хүртэх нь нэгэнт тодорхой болсон. Тэрбээр сүүлийн өдөр давсан бол нэг ч уналгүйгээр түрүүлэх байв. Уналгүйгээр түрүүлж чадаагүйдээ ихээхэн харамсаж буй нь дүр төрхөөс нь ил байлаа.

Японы зарим хэвлэлийн мэдээлснээс үзвэл Эзэн Хааны цомыг дөрөв дэхээ хүртэж, хоёр дараалан башёд түрүүлснээр ёкозүна болж буй ч гэлээ сэтгэл нь Хоошёорюүд ялагдсандаа илүү шаналсан шинжтэй байсан гэнэ.
 


Тэмцээний дараагаар бэлтгэлийн өрөөнд сэтгүүлчид ярилцлага авахдаа Хоошёорюүд ялагдсан талаар ямар бодолтой байгааг асуухад юу хэлэхээ бэлдэж байна уу гэмээр бодолхийлснээ “Намайг ёкозүна цол горилогч гэхэд би бодсон л доо. Үнэхээр би хамгийн шилдэг нь үү гэж... Тэгээд бодоод өөрийгөө шилдэг нь гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ түүнээс урьтаж ёкозүна болоогүйдээ бага зэрэг сэтгэл гонсойсон. Нэгдүгээр сарын башёгийн дараагаар Ниигатад амрахаар очоод байхад Хоошёорюүд ёкозүна цол олгож, Мэйжигийн сүмийн өмнө ёслол хийхийг зурагтаар харахдаа “Би энд юу хийж байгаа юм бэ?” гэж өөртөө хэлсэн. Сэтгэл хачин болчихсон. Тэр агшныг үзэж суухдаа төрсөн бодол мэдрэмж маань намайг хөдөлгүүрээ улам хүчтэй асаахад хүргэсэн” гэжээ.
 


“Хоошёорюүг та өрсөлдөгчөө гэж бодож байна уу?” гэж нэмж асуухад “Тийм ээ, жинхэнэ өрсөлдөгч. Миний зорилго ч гэж хэлж болно. Энэ бол миний давж гарах ёстой хана хэрэм. Энэ удаад би дахиад ялагдлаа. Дараагийн удаад ялахын төлөө чадах бүхнээ хийх болно” хэмээжээ.

Ооносатогийн ааваас сэтгүүлчид Хоошёорюүд сүүлийн өдөр ялагдахад ямар бодол төрж буйг асуухад “Бүх барилдаандаа ялаасай гэж хүсэж байлаа. Гэвч энэ ялагдал илүү сайжрахад нь их дэм өгнө гэж бодож байна. Ёкозүнад ялагдснаа марталгүй, дараа нь ялна гэдэгт итгэж байна” гэжээ.
 


Харин ёкозүна Хоошёорюү сүүлчийн өдөр давсныхаа дараагаар “Ёкозүнагийн хувьд би давна гэсэн бүрэн итгэлтэйгээр гарсан. Анхаарлаа сайн төвлөрүүлж, давж чадлаа” гэсэн юм.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(66.181.188.21) 2025 оны 06 сарын 01

Onosatogl yl okei

0  |  0
Зочин (59.153.113.131) 2025 оны 05 сарын 31

Хазайлгачихвал яваад өгөх бололтой юмаа . Хошоёрюү амжилт урагш аа

0  |  0
Зочид(66.181.186.205) 2025 оны 06 сарын 01

Хоошёорү С.Бямбасүрэн одооноос Японы иргэн болно гээд байгаа юм. Манай М.Даваажаргал Халхын их аварга хүү цаанаа с нь Японы иргэн бол гэж иргэншлээ сольж Японы иргэн болж Японы сүмод дахин хэзээ ч давтах боломжгүй түүхэн дээд амжилт тогтоогоод, 14 жил их аварга байхдаа 45 удаа түрүүлсэн гэдэг гайхамшигтай бахархмаар зүйл юм. Одоо Даваажаргал мааньөргөдлөө өгнө гэсэн. Учир нэгэнт ийм байгаа үед Японы иргэншлээ больж Монголын иргэншлээсээ үлдэж эх болсон газар шороондоо, элгэн садандаа эргээд ирсэн нь дээр шүү хүү минь. Настан бид түүнийг маш их дэмжиж хайрладаг байсан, одоо ч хайрласаар байна

1  |  0
Зочин(202.126.91.218) 2025 оны 05 сарын 27

Унаж үзээгүй хүн их л эв хавгүй өнхөрөөд өгөх юм,бэртэл гэмтлээс хол байгаасай

0  |  1
Close menu