Узбекистаны язгуур урлагийн “Согдиана” чуулгын тоглолт боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын Монгол Улсад хэрэгжүүлэх төрийн айлчлалын хүрээнд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт “Узбекистаны Соёлын өдрүүд” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн мастеруудын тоглолт боллоо.

Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Чинбатын Ундрам болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Соёлын сайд Назарбеков Озедбек Ахмадович нар оролцон үг хэлэв.

Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Чинбатын Ундрам хэлсэн үгэндээ “Энэхүү соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдаж буй гэрэл зургийн үзэсгэлэн, үндэсний хоолны өдөрлөг, аялал жуулчлалын форум зэрэг арга хэмжээнүүдэд холбогдох салбарын төлөөлөл болон олон нийт идэвхтэй хамрагдаж, хоёр орны ард түмний ойлголцол, нөхөрлөл улам батжиж байгаад бид сэтгэл хангалуун байна. Дашрамд дурдахад, Ташкентын Балетын сургуулийг монголын анхны оюутнууд болох Ардын жүжигчин О.Ганбаатар, Гавьяат жүжигчид Т.Туул, А.Навчаа, Д.Алтантуяа зэрэг 14 оюутан 1962 онд төгсөн ирж, эх орныхоо балетын салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан түүхтэй” хэмээн онцлов.

Узбекистаны алдарт үндэсний хөгжмийн “Согдиана” чуулга тоглолтын хөтөлбөртөө “Би Монгол хүн”, “Монголын үнэртэй салхи”, “Сэрсэн тал”, “Жалам хар” зэрэг Монголын орчин цагийн хөгжмийн сор болсон бүтээлүүдийг оруулсан нь онцлог байлаа.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бага засаг(103.212.119.151) 2025 оны 06 сарын 24

Хүүхэд, гэр бүлээ хүчирхийлэгч коммунист эмэгтэй Монголын соёлын яамыг төлөөлж гадаадаас ирсэн төлөөлөгчидтэй уулзаж байна гэхээр монголчууд үнэндээ маш сэтгэл дундуур байгааг анхаарна уу Занданшатар аа, чиний нэр хүнд бас хамт уначихаад байна.

0  |  0
Close menu