Асанояма: Би баяр баясгалан огт мэдрэхгүй байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 04

Цагтаа озэки цол хүртэж, ёкозүна болоход ойрхон гэж яригдаж явсан Асанояма 31 настайдаа Жюүрёо зиндаанд эргэн гарч ирлээ.

Гэхдээ үүнээсээ ямар ч баяр баясгалан мэдрээгүй гэдгээ ний нуугүй хэлжээ. “Энэ бол шат ахих төдий болохоос баяр баясгалан мэдрэгдсэнгүй” гэжээ.

Макүшита зиндаанд тэргүүнд эрэмбэлэгдээд 5 ялж, 2 ялагдсан амжилтаараа Жюүрёод дэвших болзлоо хангасан Асанояма бол Такасаго дэвжээнээс нэгэн зэрэг сэкитори болж буй гурван бөхийн нэг. Ойрын 46 жилийн түүхэнд нэг дэвжээнээс гурван бөх ингэж цойлж гарч ирсэн удаагүй гэнэ.
 


Өмнө нь хоёр удаа дээд зиндаанаас унахдаа эхнийхэд нь өөрөө зугаа цэнгэл хөөж яваад буруутаж  зургаан башёд оролцох эрхээ хасуулсан бол дараа нь хүнд гэмтлийн улмаас эргэн унасан. Хэдэн удаа унах нь биш харин хэдэн удаа босож чадах нь л чухал гэдэг болохоор  одоо Асаноямад баяр баясгалан мэдрүүлэх амжилт нь Макүүчид эргэн гарах. Магадгүй тэгээд саньякү цолд хүрч, хамгийн дээгүүр эрэмбэтэй бөхчүүдтэй барилдах.
 


Японы зарим нутаг дэвсгэрт түүхэндээ байгаагүй халуун өдөр, шөнүүд болж буй учраас тамирчны хувьд залууд тооцогдохооргүй болсон Асанояма “Их халуунд хэт мэрийлгүй болгоомжтой бэлтгэл хийх хэрэгтэй. Нагоя башёд яг өөрийнхөө хэмжээнд барилдаж чадаагүй. Сүмогийн үндсэн дасгал бэлтгэлүүдээ дахиад бүр эхнээс нь сайн давтах хэрэгтэй байгаа юм. Биеэ чангаруулж, хөл дээрээ ажиллах чадвараа сайжруулах хэрэгтэй байна. Тэгж байж дахиж гэмтэхээргүй болно” хэмээн өгүүлжээ. Есдүгээр сарын башёд халуун байх учир халууныг тэвчих чадварыг бас өөртөө суулгах шаардлагатайг дурдсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (103.212.162.140) 2025 оны 08 сарын 07

Уул нь чадалтай сайхан озеки цолтой бөх байсан даа. Макүүчидаа байсан бол өдийд Ёкозүна цолтой болчиход хэн ч гайхахааргүй юм сан.

3  |  0
Top