Герман улсын иргэдийн 54 хувь нь 16 нас хүрээгүй хүүхдүүдийг сошиал орчинд оруулахыг хориглох нь зөв гэж үзжээ.
Stern сэтгүүлийн захиалгаар Forsa институтын явуулсан судалгааны дүн ингэж гарсан байна. Харин хориглохыг дэмжээгүй 41 хувь, хариулт өгөхөөс татгалзагсад 5 хувийг эзэлжээ.
60 болон түүнээс дээш насны иргэдийн 60 хувь нь хүүхдүүдийг сошиал орчинд орохыг хориглох нь зөв гэж үзсэн байна. Тэгвэл 18-29 насны залуусын 51 хувь нь хориглохыг зөв гэж үзсэн судалгааны дүн гарчээ.

Австралид хүүхдүүдийг 16 нас хүртэл нь сошиалд орохыг хориглодог. Үүнийг сүүлийн үед Германд авч хэрэглэхийг улс төрчид уриалах болсон юм. Тухайлбал, Германы Боловсролын сайд Карин Прин бага насны хүүхдүүд болон өсвөр насныхныг хамгаалах зорилгоор ийм хориг хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж байна. Тиймээс ч ойрын хугацаанд бага насны олон өсвөр насны хүүхдүүдийг сошиалд орчинд хэрхэн хамгаалбал зохилтойг шийдэх, насны хязгаар тогтоохоор тусгай мэргэжилтнүүдээс бүрдсэн хороог байгуулан ажиллуулахаар болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Германы Шинжлэх Ухааны Үндэсний академи “Леопольдина”-гаас сошиалд орох хамгийн бага насыг 13 нас байхаар тогтоох санал тавьсан байна. Мөн Европын Холбооны таван улс сошиалд хүүхдүүдийг хамгаалах үүднээс садар самуун зураг, бичлэгүүдийг автоматаар хориглодог программыг туршиж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )