Аонишики: Үүнээс дээш цол бий, миний сэтгэл ханаагүй!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 02

Мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн доод зиндаанаас барилдаад саньякү цолд Аонишики шиг богино хугацаанд хүрсэн сүмочгүй болоод байгаа билээ. 21 настай украин залуу ердөө 12 башё л зарцуулсан юм.

Гэлээ ч шинэ банцүкэгээр комүсүби цолд хүртсэндээ сэтгэл ханаагүй, цаашид улам том цол руу тэмүүлнэ гэж зоригтой мэдэгджээ. Макүүчи зиндаанд дэвшээд гурван башёд дараалан 11 ялж, 4 унасан амжилтай яваа Аонишики сүүлийн гурван башёд 33 давсан гэсэн үг. Яг энэ үзүүлэлтээ давтвал түүнд озэки цол хүртэх боломж бүрэн байгаа билээ. Үүний ч төлөө илүү сайн барилдана гэжээ.

“Банцүкэг харахад миний нэр илүү том бичигдэж, тод харагдахаар болжээ. Мөн дээд амжилт тогтоосондоо баяртай байна. Гэхдээ үүнээс дээш цол бий. Тиймээс сэтгэл минь ханаагүй байна. Саньякүд хүрсэн болохоор одоо озэки болохоор тэмүүлэх болно” гэж Аонишико өгүүлэв.

Нагоя башёд Аонишики түрүү бөхийн өрсөлдөөнд орсон ч Котошёоход Эзэн хааны цомыг алдчихсан тухайгаа ярихдаа “12 дахь өдрийн барилдаанаас түрүүлэх тухай бодож эхэлсэн. Гэвч сүүлийн хоёр өдрүүдэд ялагдсан. Сайн барилдаж чадаагүй гэж бодож байгаа. Уг нь тэмцээний эхний хагаст сайн барилдсан юм. Энэ удаад өмнөх башёгоосоо илүү үр дүнд хүрэхийг хүсч байна” гэжээ.

Түүний багш Аминишики буюу Ажигава ояката “Дандаа л сүмо бодож байдаг юм. Аливаа юмыг хэтрүүлэх дэмий байдаг. Тиймээс хааяа ч гэсэн амарч, толгой тархиа сэргээж байх хэрэгтэй. Гэхдээ би чамаас их амжилт хүлээж байгаа. Анх уулзахад л зүүд шиг санагдсан шүү” хэмээгээд Аминишики шавь руугаа харж инээмсэглэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top