ХБНГУ-ын Байгаль орчин, уур амьсгалын арга хэмжээ, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдлын яам (BMUKN)-ны төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн BMUKN-ын Европ болон Олон улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хэлтсийн дарга Ульф Йэкел тэргүүтэй төлөөлөгчдийг 2025.09.09-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уулзалтын үеэр Монгол Улсын уур амьсгал, түүнийг дагасан хөдөө аж ахуйн салбарын онцлогийг дурдаад, дасан зохицсон, даван туулах чадвартай газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ зорилтыг биелүүлэхэд СКАЛА хөтөлбөрийн үр нөлөө өндөр гэдгийг тодотголоо. Мөн тэрбээр СКАЛА хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд гадаргын усыг хуримтуулах чиглэлээр хийсэн үнэлгээ, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээнээс эхлүүлээд, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) 3.0-д хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх зорилтуудыг тусгах дэвшил гаргасан гэдгийг танилцуулав.
ХБНГУ-ын төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсад ажиллах хугацаандаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанд суурилсан баримт нотолгооны тогтолцоог бэхжүүлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН) 3.0 болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн салбарыг нэгтгэх, жендэрт суурилсан хариуцлагатай уур амьсгалын төлөвлөлт, төсөвлөлтийг дэмжих чиглэлээр СКАЛА хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, хөтөлбөрийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
ХБНГУ-ын төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын удирдах албан тушаалтнууд, хөгжлийн түншүүд болон орон нутгийн төлөөлөлтэй уулзан, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын арга хэмжээг өргөжүүлэх асуудлаар санал солилцож байгаа юм. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (НҮБХХАБ)-ын хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр болон Үндэсний дасан зохицох төлөвлөгөөний зорилтыг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ахиулахад дэмжлэг үзүүлэх нь” (СКАЛА) хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна. Уг хөтөлбөрийг ХБНГУ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд СКАЛА хөтөлбөрийн Монгол Улсад оруулсан хувь нэмрийг үнэлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох аж.
СКАЛА төсөл Монгол Улсад 2021 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд тогтвортой мал аж ахуй, газар тариалан, усны менежмент, хөрсний нүүрс төрөгчийн чиглэлээр шинэ туршлага нэвтрүүлэх, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар газар ашиглалт, хөдөө аж ахуйн салбарт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой, хэрэгжүүлж болохуйц шийдлүүдийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )