Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын башё эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Ирэх ням гаригт Токиод эхлэх тэмцээнийг ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгийн хувьд “Шийдвэрлэх барилдаан” гэж ояката Тацүнами мэдэгдсэн.
Ёкозүна цол хүртсэнээсээ хойш гурван башёд барилдахдаа хоёрт нь тэмцээний дундаас гэмтлийн улмаас орхисон. Нагоя башёг зүүн хөлийн эрхий хурууны гэмтлийн улмаас дундаас нь орхиж, сарын эмчилгээний магадлагаа авсан ч хугацаагаа бүрэн гүйцээлгүй бэлтгэлдээ гарсан юм.

Тэгтэл бэлтгэлийн үеэр зүүн мөрөндөө мөн гэмтсэн сурагтай байгаа. Мөрөндөө наалт нааж бэлтгэл дээр ирээд, барилдаан хийлгүй буцсан удаа бий. Гэхдээ хэдэн хоногийн дараагаар мөрний наалтаа авч, гэмтэл бэртэл гайгүй байгаа гэж мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр Хоошёорюү Оошёоматай халз барилдаан хийсэн байна. Найман удаа барилдахдаа гурав давж, тав ялагдсан гэнэ. Үүнийхээ дараагаар аль болох санаа зовоогүй шинжтэйгээр “Би зүгээр л биеийн хөдөлгөөнөө шалгаж үзсэн юм. Оошёома ирж, сайн бэлтгэл боллоо” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )