Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 8 дахь өдөр буюу энэ сарын 21-нд Ура-гийн ордны нөгөө жигүүрээс ёслолд гарахаар бэлдсэн ёкозүна Хоошёорюү руу яаран очиж буй бичлэгийг NHK үзүүлж, үзэгчдийг хөгжөөлөө.
Хоошёорюүг ёкозүнагийн ёслол хийхэд хоёр сүмоч дагаж гардаг, заншилтай. Нэг нь Ура, нөгөө нь Хирадоуми юм. Энэ өдөр Ура Макүүчи зиндааны бөхчүүдийн танилцуулгын нөгөө жигүүрт хуваарилагдсан тул дохёгоос буумагцаа ёслолд гарах гэж бэлдсэн ёкозүна руу яаран дэгдэж очжээ. Ёкозүна Хоошёорюү ч түүнийг инээмсэглэн эелдгээр хүлээн авч байгаа харагдана. Нэг жигүүрээс нөгөө жигүүрт хүрэхэд ойролцоогоор 50 метр зай байдаг.
Энэ зайг аль болох түргэн туулахын тулд Ура ёслолын мавашигаа хажуугаас нь бага зэрэг өргөн гүйжээ. Ингэж өргөхгүй бол түргэн явах боломжгүй. Тэгээд ч ингэж түргэн явааг сүмогийн ертөнцөд “Үнсгэлжингийн гүйлт” гэж ёгтлон нэрлэдэг юм байна. Үлгэрт гардгаар бол ид шид үгүй болох цаг дөхөхөд Үнсгэлжин даашинзныхаа хормойг өргөөд, өндөр өсгийт дээрээ хурдан гүйхийг хичээхдээ болор шаахайгаа унагаадаг. Түүнтэй зүйрлэн нэрлэжээ. NHK-гийн энэ бичлэг сошиал орчинд олны анхаарлыг гойд татаж, ярианы сэдэв болоод байна.
Аки башёгийн 11 өдрийн барилдааны дараагаар Үнсгэлжинг хүлээсэн ёкозүна Хоошёорюү нэг унаагүйгээр тэргүүлж, түүний араас 1 унаж, 10 давсан ёкозүна Ооносато нэхэж явна.

Сэтгэгдэл ( 0 )