"Choco Pie" хулгайлсан этгээдэд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 27

 

Өмнөд Солонгост шөнийн ээлжинд ажиллаж байсан ажилтан нь зөвшөөрөлгүйгээр ажлынхаа хөргөгчнөөс Choco Pie болон Custard cake авч идсэнээс болж “хулгайн хэрэг”-ээр шийтгүүлсэн хэрэг гарсан. Уг хэрэг олны анхаарлыг татаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсонд бухимдаж буйгаа илэрхийлсэн бөгөөд уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2025.10.27) болж өнгөрчээ. 

Өнгөрөгч тавдугаар сард дээрх этгээдэд шүүхээс 50 мянган воноор торгох ял ногдуулсан. Прокурорын байгуулагаас уг хэргийг шийдвэрлэсэн байдал зохистой эсэхийг шалгахын тулд 12 гишүүнтэй хаалттай хурал зохион байгуулж хэргийг хэлэлцжээ.

Уг хурлаас гаргасан шийдвэрийг ирэх пүрэв гарагт болох давж заалдах шатны шүүх хурлын үеэр танилцуулах бөгөөд шүүх хуралд чухал нөлөө үзүүлэх юм. 

Прокурорын байгууллагаас шударга ёс, ил тод байдлыг сайжруулахын тулд иргэдээс бүрдсэн хороог 2010 онд байгуулжээ. Уг хороогоор маргаантай хэргүүдийг хэлэлцэн, тохирох ял шийтгэлийг оноодог байна. 

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны 1-р сарын 18-ны өдөр өглөөний 04:00 цагийн үед, Өмнөд Солонгосын Чолла мужийн Ванжу дүүрэгт байрлах нэгэн компанийн ажилтан хөргөгчнөөс 400 вонын үнэ бүхий Choco Pie болон 650 вонын үнэ бүхий Custard cake авч иджээ. Нийтдээ 1050 вонын үнэтэй эдгээр амттангуудыг байгууллагын зөвшөөрөлгүй авч идсэн ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. 

Уг ажилтан өгсөн мэдүүлэгтээ "Шөнийн ээлжинд ажиллах үед ажилчид иймэрхүү хөнгөн амттан идэх нь бараг л хэвшил болсон зүйл гэж хэлж болно. Хулгайлах сэдэл байгаагүй" хэмээн мэдүүлжээ. 

Прокурорын зүгээс түүнд 500 мянган вонын торгууль ногдуулах санал гаргасан бол анхан шатны шүүхээс түүнд 50 мянган вонын торгууль ногдуулжээ. Гэсэн ч түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхийн хаалга татахад хүргэсэн хууль эрх зүйн байдал нь олон нийтийн эгдүүцлийг хүргэжээ. 

Хэрэг одоогийн байдлаар давж заалдах шатны шүүхэд шилжээд буй бөгөөд энэ удаад прурорууд илүү хөнгөн шийтгэх оноох талаар мэдэгдсэн бол шүүгчийн зүгээс уг хэргийг гэмт хэрэгт тооцоход хэт хөнгөн байгаа ч хууль ёсоор бол хулгайн хэргийн ангилалд хамаарч болох учир сайтар нягтлах шаардлагатай байна гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top