Төсөв нь сахилга батгүй байна. Улс төрийн намууд нь клиентист шинжтэй байна. Эдийн засгийн бодлого чинь нэг л биш байна. Татварын бодлого чинь буруу байна. Эдийн засаг чинь нэг л салбараас хараат, экспорт чинь нэг л улсаас хараат байна. Ядуурал их, ажилгүйдэл их байна. Байна, байна гэсэн зөвлөгөө болгоныг гадна, дотнынхон тоочиход сонсдоггүй төр сонсгол гэдэг жүжгийг өнгөрсөн хоёр жилийн турш тавьлаа. Жүжгийн найруулагч нь хөшигний цаадах ах нар. Тайзан дээр гарагчид нь ах нараар крандуулсан дарга нар. Яг хоёр жилийн өмнө нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулсан манай төр яг одоо “Оюутолгой”-н асуудлаар “сонсгол” зохион байгуулж байна.
Манай удирдагчид эдийн засгийн энэ энгийн логикийг эсэргүүцсээр удлаа.
“Ардчиллын баянбүрд”. Жое Байдены өхөөрдөж өгсөн нэр. Хоёр улсын дунд орших ардчилсан засагтай Монгол Улсад байгалийн баялаг нь ч яг ийм агуулгатай байна гэдгийг хашир улстөрч мэдэж л хэлсэн байж таараа. Нээрээ ч тийм юм. Ойролцоогоор 30 сая тонн зэс, алт, мөнгөний нөөцтэй Оюутолгойн түүх 2000-аад онд эхэлж яг л солонгос драм шиг замнал туулсан. Одоогоор Оюутолгойн хөрөнгө оруулатлтын хэмжээ 15 тэрбум ам.доллар давж, дэлхийн зэсийн томоохон уурхайн нэг болсон. Уг нь байна аа, байрлалын хувьд бараг л төгс. Хядаттай хиллэдэг нь том давуу тал. Тэнд зэсийн хэрэглээ өндөр. Тээврийн хувьд ч, дэд бүтцийн зардлын хувьд, эцсийн бүтээгдэхүүний үнийн хувьд ч Хятадын зах зээлтэй өрсөлдөхүйц. Гэвч манай удирдагчид эдийн засгийн энэ энгийн логикийг эсэргүүцсээр удлаа. Сонгуульд бадар барьж гүйдэг олон улс төрчид хятадтай экспортын тэр дундаа уул уурхайн хэт хараат боллоо гэж “айдаг”. Нөгөө талаар айлгадаг. Гэвч зэс болон уул уурхайн бүтээгдэхүүнээ элдэв асуудалгүй борлуулах боломжит зах зээл нь Хятад хэвээр л байна.
Сонсгол нэртэй жүжиг дэглэгчид татварын маргаанд анхаарлаа хандуулах ёстой. Монгол Улс “Рио Тинто”-гоос 814 тэрбум төгрөгийн татварын актыг нэхэмжилсэн. Одоо ч арбитрын шүүхтэй маргаантай байгаа энэ асуудлыг шийдэх саналаа “Рио Тинто”-гоос энэ оны эхээр тавьж байлаа. Тухайн үед “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кети Жонсон 2024 оны 12-р сард 2023-2020 оны хооронд үүссэн татварын нэхэмжлэлийг шийдэх санал тавьсан юм. Санал болгосон 295 сая ам.долларын 285 сая нь одоо үргэлжилж буй татварын маргааны процесстой холбогдох бол үлдэж буй 10 сая ам.доллар нь шийдэгдээгүй бусад зардалд зарцуулагдах байсан. Хэрэв манайхан арбитр дээр ялагдвал “Рио Тинто”-д нөхөн төлбөр төлөх шаардлагатай болно.
“Русал”-ынхан маргааныхаа төлбөрт Рио Тинтогийн Монгол дахь эзэмшил болох Оюутолгойн хувийг хөндөх боломжтой гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн. Шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлбэл Оросын шүүх нутгийн компанийнхаа талд шийдвэр гаргах өндөр магадлалтай.
Дараагийн том асуудал бол ОХУ-ын “Русал”-тай холбоотой асуудал. “Русал”-ын 56.88 хувийг Олег Дерипаскагийн эзэмшдэг “En+” групп, 25.52 хувийг “Суал Партнерс” компани эзэмшдэг. Хөнгөн цагааны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг компани. Тус компани “Рио Тинто”-гийн эсрэг 104.75 тэрбум рублийн нэхэмжлэл гаргаад буй. “Русал”-ынхан маргааныхаа төлбөрт Рио Тинтогийн Монгол дахь эзэмшил болох Оюутолгойн хувийг хөндөх боломжтой гэж Оросын хэвлэлүүд мэдээлсэн. Тус компанийн хуульчдын дэвшүүлсэн энэхүү саналыг оросууд дотооддоо боломжтой гэж үзэж байгаа. Шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлбэл Оросын шүүх нутгийн компанийнхаа талд шийдвэр гаргах өндөр магадлалтай. Магадгүй сонсгол нэрт жүжгийн ерөнхий шалтаг шалтгаан ч энэ заргатай холбоотой байж мэднэ.
Яг одоо зэс бол энэ жилийн хамгийн өндөр өсөлттэй түүхий эдийн нэг болоод байна. Он гарснаас хойш зэсийн ханш 16 хувь өссөн. Цаашид ч өснө. Зэсийн ханшийн өсөлтийн супер цикль тохиож буй тул Чилийн засаг захиргаа үүнд зориулж уул уурхайн бодлогын өөрчлөлт хийхээр болсон. Саудын Араб ч шинээр илрээд буй 20 орчим сая тоннын нөөцтэй зэсийн төслөө хөдөлгөхөөр болж байна. Харин Монголд сүүлийн 20 гаруй жилийн турш улс төрчдийн шуналын нүд, хэрүүлийн шүлсэнд булуулсан Оюутолгойгоо ноолсон хэвээр.
Ноолох, ноолохдоо ордонд олуулаа болж аваад сонсгол нэрээр ноолж байна. Ноолж байх хооронд Оросуудын гарт ороод талийж одох вий...

Сэтгэгдэл ( 0 )