Австралийн халдлагын баатар жимсний мухлагийн эзэн байжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Австралийн Бонди далайн эрэгт болсон халдлагын үеэр халдлага үйлдэгч этгээдийг нүцгэн гараараа зогсоож, бууг нь булаан авсан иргэнийг Ахмед аль Ахмед гэдэг байжээ. Тэрээр Сидней хотын далай эргийн орчимд жимсний мухлаг ажиллуулдаг бөгөөд өдгөө 43 настай юм байна.

Орон нутгийн “7News” телевизийн сувгийн мэдээлэлд дүрслэгдсэнээр тэрээр халдлага үйлдэгчийн яг хажуугаас гэтэж очин, боож унагаад, урт бууг нь булаан авч байгаа нь дүрслэгдсэн байна. Халдлага үйлдэгчтэй тэмцэлдэх явцад тэрээр гартаа хоёр шарх авчээ. Түүнийг орон нутгийн эмнэлэгт нэн даруй хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой, одоо хагалгаанд орохоо хүлээж байна.

Орон нутгийн цагаар ням гарагийн орой Бонди далайн эрэгт еврей гаралтай иргэд Ханнука баярыг ёслон тэмдэглэж байхад халдлага болжээ. Халдлагыг аав, хүү хоёр үйлдсэн бөгөөд 16 хүн амиа алдан, 29 хүн гэмтээд шархдаад байна. Халдлага үйлдсэн нэг этгээд нь газар дээрээ амиа алдсан бол нөгөө этгээд нь эмнэлэгт ухаангүй хэвтэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top