Өнөөдөр өөрийн толгой мэдэлтэй болж, Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр. Ардчилсан гэх шошготой болохоор намын баяр гэж ойлгодог шиг байгаа юм. Уг нь үгүй л дээ. Зөвлөлтийн харьяанаас гарч өөрийнхөө зовлонг өөрөө туулж, жаргалыг үүрэх тийм агуулгатай Үндсэн хууль юм. Тэгээд ч энэ хуулийг бид өөрсдөө хэлэлцэж, өөрсдөө баталсан нандин түүхтэй билээ.
БНМАУ-ын Ардын их хурлаас сонгогдсон 430 депутат 76 хоног хуралдаж, 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн морин цагт Монгол Улсын дөрөв дэх Үндсэн хуулийг баталжээ. Шинэ Ардчилсан Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт улс орны өнцөг булан бүрээс 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга орчим санал ирүүлсэн байна. Энэхүү Ардчилсан шинэ Үндсэн хууль нь оршил, зургаан бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улс нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, иргэн төвтэй төр улсыг тунхаглан зарласан юм.
Шинэ нийгэмд хөл алхан орж буй Монгол Улс олон улсын шинээр бүрэлдэн бий болсон дэг журам, эрх зүйн хэм хэмжээтэй нийцсэн баримт бичиг гэдгээрээ онцлог. Гэхдээ хожим хойно нийгэм өөрчлөгдөхөд зайлшгүй нэмж засварлах шаардлагатайг нэрт хуульч Б.Чимид тухайн үедээ онцолж байлаа. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуульд гурван удаа 1999, 2019, 2023 онд өөрчлөлт орсон юм.
Одоо бидэнд нэг зүйл үлдсэн Үндсэн хуулиа танин мэдэж, ойлгох. Аливаа иргэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, өмчтэй байх, шударгаар шүүлгэх эрхтэй гэж заасан. Гэвч тухайн үеийн улс төрийн өнгө будгаар ямар ч иргэнийг хуулиар айлгаж энэ эрхэд нь халдах эрсдэл байсаар байна. Нөгөөтээгүүр УИХ-ын даргыг эрх баригч намын дарга хашиж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй. Дарга гэдэг үгээр парламентын дэгийг сахиулж, үгийг нь адил тэгш сонсох бус алх цохиж дарамтлах нөхцөл бүрдчихлээ. Дээрээс нь эрх баригчдын эрх ашгийн төлөөх зодоон дунд зарим УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө бүрэн уншаагүй нь харагдсан. УИХ-ын дэд дарга байсан этгээд ч Үндсэн хуулиа бүрэн уншаагүй одоо яллагдагчаар татагдчихаад байж байна. Тиймээс нийт иргэн Үндсэн хуулиа танин мэдэх шаардлагатай.
МЭДЭГТҮН! САХИГТУН!

Сэтгэгдэл ( 0 )