Аваргуудын лигийн долоодугаар тойргийн тоглолтод Испанийн аварга Барселона, Чехийн Славян Прага багийн талбайд зочлон тоглож 4-2 харьцаагаар ялалт байгууллаа. Чехийн баг европын бүх тэмцээний хүрээнд Испанийн багуудын эсрэг ердөө ганцхан ялалт байгуулсан гэх тааруу үзүүлэлттэй байна.
Чехийн нийслэл Прага хотод -6 хэмийн хүйтэн байсан ч Славян Прагын цэнгэлдэх халуун өрсөлдөөн өрнөж байлаа. Тоглолт эхлээд Барсагийн Жерард Мартин алдааны уршгаар эзэн багийн Томас Чори гоол оруулахаа дөхсөн. Нөгөө талд Фермин Лопес боломж гаргасан ч ашиглаж чадсангүй. Тоглолтын эхний үеийн 10 дахь минутад эзэн багаас булангийн цохилт хийж, Томаш Хоулсын гайхалтай дамжуулалтаар Васил Кушей алсын шонд гоол оруулснаар эзэд тэргүүлж эхлэв. Энэ гоол нь тус клубийн Аваргуудын лигт таван тоглолтын дараа орсон гоол гэдгээрээ онцлог.
Эхний гоолын дараа зочид шахаж эхэлсэн. Хэд, хэдэн амжилтгүй оролдлогын эцэст 34 дэх минутад Френки де Йонгийн дамжуулалтаар Фермин Лопес гоолдож, тэнцүүлэв. Фермин Лопесийн хувьд энэ жилийн Аваргуудын лигийн улиралд дөрвөн гоолыг 8 минутын дотор оруулсан нь дурдаж болох содон амжилт. Эхний гоолоо 10 хүрэхгүй минутын дараа Педригийн дамжуулалтаар Фермин Лопес дахин гоолдож 42 дахь минут гэхэд зочид 2:1-ээр тэргүүлж эхлэв. Гэвч сөрөг довтолгоогоор эзэд булангийн цохилт гүйцэтгэх эрхтэй болж, булангийн цохилт хийхэд Роберт Левандовски 44 дэх минутад өөрийнхөө хаалганд мөргөв. Ингэснээр эхний хагас 2:2-оор өндөрлөсөн юм.
Хоёрдугаар үе эхлэхтэй зэрэгцэн Барса тэргүүлэл авах гэж хичээсэн. Үүний үр дүнд Френки де Йонг гоол оруулсан ч видео бичлэг нягталж үзээд тооцоогүй. Дараа нь Рафинья ч боломж үүсгэсэн. Улирал эхэлснээс хойш гэмтэл бэртэл ихтэй байсан Педригийн гуяны арын булчин гэмтсэн бололтой 61 дэх минутад сэлгээнд сууж түүний оронд Дани Олмо талбайд гарч ирэв. Энэ цагтай зэрэгцэн Маркус Решфорд ч талбайд гарсан юм. Талбайд гараад гуравхан минутийн дотор Дани Олмо баруун хөлөөрөө гайхалтай цохиж, хаалганы дээд буланд бөмбөг оруулснаар зочид тэргүүлж эхэллээ. Үүнээс хойш эзэд хэд, хэдэн боломж үүсгэсэн. Зочид ч тэргүүллээ улам баталгаажуулахаар зорьж байлаа. Улмаар тоглолтын 71 дэх минутад Маркус Решфордын дамжуулалтаар Роберт Левандовски гоолдож, зочдын тэргүүллийг улам баталгаажуулсан юм.
Барселона клуб Аваргуудын лигийн хүрээнд Чехийн багуудтай хийсэн есөн тоглолтынхоо наймд нь хожиж, нэгт нь тэнцсэн гэх амжилттай байна. Тэдний дараагийн учраа Копенгаген клуб байх болно.

Сэтгэгдэл ( 0 )