Аваргуудын лиг | ПСЖ тэнцэж, плей-оффд тоглохоор боллоо

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Аваргуудын лигийн шинэ форматаар лигийн шатны сүүлийн тоглолтод Пари Сен Жермен, Ньюкасл Юнайтед клубтэй тэнцэж хоёр баг, плей-оффын тоглолт хийж байж, шөвгийн 16-д шалгарахаар боллоо. Ижил оноотой байсан хоёр клубийн хувьд зөвхөн ялалт л хэрэгтэй байсан.

Тоглолт л эхэлмэгц л Парисын шахалт үр дүнгээ өгч, торгуулийн цохилтын эрхийг ПСЖ клуб олж авсан. Улмаар энэ жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгч Усман Дембеле дөрөв дэх минутад 11 м-ийн торгуулийн цохилт хийсэн ч харамсалтай нь оруулж чадаагүй. Торгуулийн цохилт хаасан Ник Попын ур чадварыг магтах нь зүйтэй. Гоолоос сэргийлж чадсан ч “Шаазгайнууд” тайвшрах болоогүй гэдгийг тоглолтын найм дахь минутад Витиньягийн гоол сануулсан. Торгуулийн шугам дотор Ньюкаслын хамгаалалтын ноцтой алдаа, хойрго байсан нь ийнхүү гоол алдах үндсэн шалтгаан болсон юм. Ийнхүү өмнөх улирлын аваргууд хаалга руу бөмбөгдөж эхэлсэн. Дембеле, Кварацхелия нар ур чадвараа гайхуулсан цохилт хийсэн ч, “Шаазгайнууд”-ын хаалгач Ник Поп ухаалаг хаалтуудаар алмайруулсаар байлаа.

ПСЖ Аваргуудын лигт гурван тоглолтод хожигдоогүй ч шилдэг наймд багтахад хангалттай байсангүй. Хоёр баг плей-оффт тоглож байж хасагдах шатанд шалгарна.

Тоглолтын эхний үеийн сүүлийн арван минутад Ньюкасл Юнайтед тоглолтод эргэн ирж, багийн ойлголцол ч сайжрав. Эсрэгээрээ ПСЖ-ийн дундын шугам учраа олохоо байж, сандарч эхэлсэн. Улмаар бага, багаар сайжирсан Ньюкасл клуб 45+2 дахь минутад Жое Уиллокийн гоолоор тэнцүүлсэн юм. Түүний хувьд Аваргуудын лигийн анхны гоол нь энэ байлаа.

Зочид Парисын учрыг хэрхэн олохоо хоёрдугаар үед ойлгосон гарч ирлээ. Ялангуяа хоёрдугаар үеийн эхний арван минутад гоол оруулангаа алдсан. Хэдийгээр Элангагийн дамжуулалтаар Уиллок хоёр дахь удаагаа Парисчуудын хаалганд оруулсан ч, отон тоглолт байсан учир тооцсонгүй. Үүний дараагаас эхлээд Парисчуудын бөмбөг эзэмшилт сайжирсан. Ялангуяа Дембелегийн идэвхийг дурдах нь зүйтэй. Гэхдээ л гоол ороогүй. Сүүлийн мөчид Ньюкаслын гоол оруулах алтан боломжийг Харви Барнс алдсан. Хэрэв энэ гоол орсон бол Ньюкасл шөвгийн 16-д шууд шалгарах байлаа. Гэвч хоёр баг оноо хувааснаар плей-оффын нэмэлт тоглолт хийж байж хасагдах шатанд шалгарах ёстой болж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top