АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг 1972 оноос хойш анх удаа “Artemis-2” хөтөлбөрийнхөө хүрээнд дөрвөн сансрын нисэгчээ сар руу илгээлээ. Дэлхийн дагуулыг тойрох аялал 10 орчим хоног үргэлжилнэ.
Orion сансрын хөлөг тээвэрлэгч пуужингаасаа амжилттай саллаа гэж НАСА агентлагийн тэргүүн Жаред Айзекман мэдэгджээ.
Space Launch System тээвэрлэгч пуужин орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 1-ний 18.35 цагт /Улаанбаатарын цагаар дөрөвдүгээр сарын 2-ны 06.35/ Жон Кеннедигийн нэрэмжит Сансрын төвийн талбайгаас хөөрчээ. Рид Вайсман, Кристина Кук, Виктор Гловер /АНУ/, Жереми Хансен /Канад/ нар саран дээр буулгүй сарын тойрч, дэлхийдээ эргэн ирнэ.

НАСА агентлагийн 10 гаруй жил бэлдсэн эл нислэг нь 2028 онд сансрын нисэгчдийг саран дээр буулгах зорилго бүхий “Artemis-4” хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны чухал алхам юм.
“Artemis-2”-ын хүрээнд сансрын нисэгчид дэлхийгээс 406 мянган км зайд хүрч, дээд амжилт тогтооно. Өмнөх рекордыг 1970 оны “Apollo13” нисэх баг эзэмшдэг ба тэд дэлхийгээс 330 мянган км зайд хүрсэн ч техникийн асуудлаас болж, саран дээр бууж чадаагүй.
Boeing болон Northrop Grumman компаниуд 2010 оноос хойш “Orion” хөлөг, SLS пуужин бүтээж байна. Нэг удаагийн хөөргөлтийн өртөг хоёр тэрбум ам.доллароос дөрвөн тэрбум ам.доллар болж өсжээ.
Үүнтэй зэрэгцэн Илон Маскийн SpaceX, Жефф Безосын Blue Origin компаниуд НАСА агентлагийн сансрын нисэгчдийг саран дээр буулгах модулийг хөгжүүлэхээр өрсөлдөж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )