НАСА ирэх сарын 3-нд сар руу хөлөг хөөргөнө

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

АНУ-ын НАСА агентлаг сар руу нислэг үйлдэх “Artemis” хөтөлбөрийн хүрээнд ирэх сарын 3-нд “Orion” сансрын хөлгийг “Space Launch System (SLS)” пуужин тээвэрлэгчийн тусламжтай хөөргөхөөр болсон тухай “Artemis” хөтөлбөрийн удирдагч Майкл Сарафин мэдэгджээ. Сар руу хөлөг хөөргөхөд тохиромжтой цаг хугацааны цонх АНУ-ын зүүн эргийн цагаар 14.17 цагт нээгдэнэ гэж тэрбээр тодруулсан байна.

Энэ нь НАСА агентлагийн сар руу хөлөг хөөргөх хоёр дахь оролдлого юм. Эхний нислэг “Artemis 1”-ийг техникийн шалтгааны улмаас даваа гарагийн өглөө цуцлагдсан билээ. Пуужин тээвэрлэгчийн нэг хөдөлгүүрээс устөрөгч алдагдаж буйг илрүүлсэн юм. НАСА агентлагийн инженерүүд 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Artemis 1” сарны хөтөлбөрийн хүрээнд хөөргөх пуужин угсрах ажлыг гүйцэтгэжээ. Туршилтын нислэгийн үеэр “Orion” сансрын хөлөгт гурван манекен байрлуулж, нислэгийн үеийн цацрагийн түвшнийг тодорхойлоход ашиглах юм.

НАСА агентлагийн сарны “Artemis” хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний “Artemis 1” үе шатанд “Orion” нисэгчгүй хөлөг сарыг тойрох нислэг үйлдэж, дэлхий руу буцаж ирнэ. “Artemis 2” үе шатанд нисэгчтэй нислэг үйлдэх бол “Artemis 3” үе шатанд тус агентлаг 2024 онд саран дээр сансрын нисэгчдийн баг буулгаж, улмаар 2030-аад онд тэднийг Ангараг гараг руу илгээхээр зорьж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top