Харри Белафонте: Манай гэр бүлээс гурван хүн Афганистанд алба хааж байгаа. ”Бүгдээрээ эсэн мэнд ирнэ” гэдэгт найдаж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 01

CNN агентлагийн сурвалжлагч, продюссер КэйЖи Матювс АНУ-ын хүмүүнлэгийн ажилтан, иргэний эрхийг хамгаалагч, дуучин, жүжигчин Харри Белафонтетай АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн талаар болон америкчуудын санхүүгийн бэрхшээлийн талаар сонирхолтой ярилцлага хийжээ. Энэ үеэр Харри Белафонте "Обама чанга дуугарсан болгонтой бөхийж харьцах хэрэггүй шүү дээ. Өөрөө өөрийнхөөрөө бай " хэмээсэн юм.

-Юуны өмнө таны сүүлийн үеийн уран бүтээлийн талаар хүмүүс мэдэхийг хүсч байгаа байх. Таныг 2003 онд "Атланта"-д хандивын тоглолт хийснээс хойш олны өмнө дуулаагүй гэдгийг тань хүмүүс мэднэ. Кинонд тоглох урилга авч байна уу. Ер нь ойрын хугацаанд юу хийж байна?

-Танд ч бас энэ өдрийн мэнд. Сүүлийн үед кинонд тоглох урилга аваагүй, нийгмийн асуудалд байр сууриа олон нийтэд илэрхийлэх ажил л хийж явна даа. Нэг үгээр хэлбэл, иргэний эрхийг хамгаалах ажилдаа шаргуу орсон гэж хэлж болно. Роберт Ф.Кеннедигийн тухай кинонд Нелсоны дүрд Антони Хопкинстой хамт 2006 онд тоглосноосоо хойш бараг тэтгэврийн байдалтай байна гэх үү дээ. /инээв/

-Таныг америкчууд "Ерөнхийлөгчийн айдас" хэмээн хочилдог. Өмнө нь та 2002 онд Иракийн дайны талаар Жорж Бушийг буруушааж, шүүмжилсэн. Харин саяхан Барак Обамаг "Нью-Йорк таймс" сонинд шүүмжилсэн харагдсан. Энэ бүхэн таны иргэний эрхийг хамгаалах ажилтай холбоотой юу?

-Үнэнийг хэлсэн хүн болгонд хүмүүс дуртай, сайшаалтай ханддаг. Гэхдээ би энэ үгээрээ өөрийгөө бялдууч зантай гэж хэлэх гээгүй гэдгийг анхаараарай. Аливаа нийгэмд сайн, муу олон зүйл зэрэгцэн оршиж байдаг. Үүний мууг нь арай багасгаж, сайн тал руу нь чиглүүлэх  юм бол энэ нийгэм "зөв" тийшээгээ явах болно. Тиймээс л би өнөөдөр өвгөн болчихсон хэрнээ нийгмийн болоод хүмүүсийн буруу үйлдлийг хэлж, шүүмжилж явна. Тийм ээ, би 2002 онд "Тэртээх боолчлолын үр удам, хөгшин хүмүүн үгээ хэлж байна. Эдгээр хүмүүс гэр оронтой болчихож, эдгээр хүмүүс "боол" гэдэг нэр томъёог өөрсдийн хүчээр алга болгож. Харин өнөөгийн Америк улсад энгийн тэр байшингийн эздийн үгийг сонсохгүй байна. Энэ олон жил би зургаан дайны нүүр үзлээ. Иракийн дайн гээд байгаа зүйлийн цаана ямар ашиг сонирхол байгааг ч би сайн мэдэж байна. Тэнд ч бас бидэнтэй адил хүүхэд, хөгшид амьдарч байгаа" гэж хэлсэн. Энэ бүхэн дэмий хоосон зүйл биш байсан гэдгийг цаг хугацаа харуулсны дараа л хүмүүс ойлгосон. Та Жорж Буш АНУ-ын хамгийн муу Ерөнхийлөгчөөр яагаад тодорсон гэж бодож байна вэ. Сонирхолтой асуулт байгаа биз. Одоо цаг өөр болжээ. Обамад хандаж хэдэн үг хэлэхгүй бол нөгөө л нэг буруу зам руу орох гээд байх шиг харагдаж байна. Энэ бүхэн өөрөө иргэний эрхийг хамгаалж байгаа давхар утга агуулж байгаа юм.

-Таныг Ерөнхийлөгч агсан Жон Ф.Кеннедиг "Энхтайвны элч" хэмээн өргөмжилж байсан. Харин та Б.Обамагийн талаар юу гэх вэ?

-Түүнийг "Анхны өнгөт арьстан" Ерөнхийлөгч гэсэн тодотгол нь мөнхөд өнгөт арьстан хүмүүс бол "хүн юм шүү" гэдгийг бусдад байнга сануулах бодит үлгэр дуурайл шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах явдал үүгээр эцэс болсон гэж би ойлгож байгаа. Түүний хувьд авууштай хэд хэдэн зүйл байна. Буруу, зөрүү зүйл ч байна. Аливаа асуудалд нухацтай ханддаг сайн чанар байхад бусдаас зөвлөгөө аваад өөрийн санаандаа хэрэгжүүлэхгүй байх сул талтай байх жишээтэй. Нэг үгээр хэлбэл, маш хэцүү цагт Ерөнхийлөгч болсон. АНУ-ын ойрын олон арван жилийн ирээдүй хаашаа чиглэх, хаашаа тэмүүлэх вэ гэдэг яг тэр сонголтон дээр тэр гарч ирсэн. Ийм үед алдаа гаргаж болохгүй гэдгийг сайн ухаарах хэрэгтэй. Хүмүүс түүний талаар буруу ойлголттой байх шиг санагдсан. Яг арван жилийн өмнө аймшигт халдлага болж, АНУ терроризмын эсрэг дайн зарлаж, дэлхийг орвонгоор нь эргүүлсэн. Асуудлын гол нь "Болох ёстой зүйл хэзээ нэгэн цагт болдог" гэдэг шиг Осама Бин Ладеныг америкчууд бид барих л байсан. Иймд Б.Обама л байсан тулдаа түүнийг бариад  устгасан мэт ойлгох хэрэггүй байх. Энэ бүхэн Б.Обамагийн Ерөнхийлөгч байх хугацаанд л тохиолдсон нь азтай хэрэг. Харин Афганистан улсаас цэргээ татах шийдвэр гаргасанд нь ард түмэн түүнийг ихэд үнэлсэн. Би ч бас баяртай байгаа. Манай гэр бүлээс гурван хүн Афганистанд алба хааж байгаа. "Бүгдээрээ эсэн мэнд ирнэ" гэдэгт найдаж байна.

-Та америкчуудын санхүүгийн өр, зээлийн бэрхшээлийн талаар өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хүмүүс, намайг энэ их зээлд хэн оруулсан юм бэ гэдэг асуултыг өөрөө, өөрөөсөө асуугаад үз. Тиймээ, та бид өөрсдөө санхүүгийн болон тухайн үеийн нийгмийн зах зээлийн чадамжийг мэдрээгүйгээс одоо энэ асуудал толгойтой үснээс их бэрхшээл дагуулж байна. Гэхдээ энэ бүхэнд чиглүүлсэн хэн нэгэн хүн буруутай байх л даа. Хамгийн гол нь ямар ч зүйлийн ард гарц гэж байдаг цорын зөв гарцыг Конгрессын гишүүд маань сонгох хэрэгтэй. Тунгаан бодож, сайн нягтлах хэрэгтэй. Түүнчлэн Ерөнхийлөгч Б.Обама "Чангаар дуугарсан болгонтой бөхийж харьцах нь дараа жилийн сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж мэднэ" гэдгийг ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: Улс төрийн тойм сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top