Хаан оцон шувууд устаж үгүй болох аюулын ирмэгт тулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн дулаарал хаан оцон шувуудын тоо толгой 10 хувиар хорогдоход хүргэж, 2080 он гэхэд хоёр дахин багасна гэж үзэж байна.

Байгаль хамгаалах олон улсын холбооны мэдээллээр, 2019 онд 500 мянга гаруй хаан оцон шувуу тоологдож байсан бол дэлхийн дулаарлын улмаас мөс хайлж байгаа нь эдгээр шувуудыг мөхлийн ирмэгт аваачиж байна гэж байгаль хамгаалагчид анхааруулж байна.

Далайн экологич Филип Тратаны ярьснаар, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт энэ төрөл зүйлд том аюулыг учруулж байна.

Хаан оцон шувууд Өмнөд туйлын төсөн дээр үржиж, дэгдээхэйнүүдээ өсгөдөг. Мөс хэт эрт хайлснаар ус нэвтрэхээс хамгаалсан өд нь гарч амжаагүй байгаа  дэгдээхэйнүүдэд живж үхэх аюулд хүргээд байна.

Үүнтэй зэрэгцэн Өмнөд туйлын далайн арслангууд Байгаль хамгаалах олон улсын холбооны улаан жагсаалтад ороод байна. Сүүлийн 25 жилд эдгээр амьтны тоо 50 хувиар буурч, нэг сая хүрэхгүй насанд хүрсэн далайн арслан үлдээд байна. Үүний гол шалтгаан нь далайн усны дулаарал.

Дэлхийн дулаарал Өмнөд туйлын экосистемийг асар ихээр өөрчлөгдөхөд хүргэж, олон төрөл зүйлийг устаж үгүй болох аюулд учруулж байна гэж эрдэмтэд анхааруулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top