Малайзын сүүлчийн суматрын хирс үхжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Малайзын газар нутагт амьдарч байсан сүүлчийн суматрын хирс үхлээ гэж тус улсын аялал жуулчлал, соёл, байгаль орчны сайд Датук Кристина Лью мэдэгджээ.

Там нэртэй хирс Малайзын Калимантан арлын Табин дархан цаазат газарт амьдарч байсан суматрын хирсний төрлийн сүүлчийн эрэгчин байжээ.

Сайд Датук Кристина Льюгийн хэлснээр, үхлийн шалтгаан нь задлан шинжилгээ хийсний дараа тодорхой болох гэнэ. Гэхдээ эл хирс өндөр насалж, дотоод эрхтний ажиллагаа нь алдагдсанаас болсон байх магадлалтай аж. Сүүлийн хэдэн долоо хоногт Там хирсэд бүх төрлийн өвчин намдаах, хөнгөвчлөх эмчилгээ хийж байсан байна.

Суматрын хирсний төрлийг устаж үгүй болохоос сэргийлэхийн тулд Там хирсний генийг хадгалж авч үлдсэн байна. Суматрын хирс нь дэлхий дээрх хамгийн ховор төрлийн бөгөөд хамгийн жижиг биетэй хирс юм. Суматрын хирсний эвэр болон бусад эд эрхтнийг ардын уламжлалт анагаах ухаанд өргөнөөр ашигладаг байсан нь энэ төрлийн ховор амьтныг устаж үгүй болох эрсдэлд хүргэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top