Өнөөдөр /2026.04.21/ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн сонсгол эхэлж байна. Санал хураалт 2026 оны долоодугаар сард товлогджээ. НҮБ-ын одоогийн тэргүүн Антонио Гутерришийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм. Тэрбээр энэ албыг 2017 оноос хойш хашиж байгаа билээ.
НҮБ-ын дүрмийн дагуу тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргыг Аюулгүйн зөвлөлийн санал болгосны дагуу Ерөнхий ассамблей томилдог. Аюулгүйн зөвлөл нэр дэвшигчдийн талаарх шийдвэрийг хаалттай хэлэлцүүлэг, урьдчилсан санал хураалтын дүнг үндэслэн гаргадаг байна. Үүний дараа нээлттэй санал хураалт болно. Үүнд Аюулгүйн зөвлөлийн байнгын тав, байнгын бус 15 гишүүн орон оролцоно. Ерөнхий ассамблей Аюулгүйн зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг санал нэгтэйгээр баталдаг.
Өнөөдрөөс эхэлж байгаа сонсголд дөрвөн нэр дэвшигч болох Чилийн ерөнхийлөгч асан, НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан /Коста Рика/, Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси /Аргентин/ болон Сенегалын ерөнхийлөгч асан Маки Саль нар оролцож байна.
Мишель Бачелет (Чили)
Бачелет өөрийн мөрийн хөтөлбөртөө НҮБ нь үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, системийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулахад чиглэсэн реформ хийх шаардлага гэж үзэн үүний тулд хүнд суртлыг арилгах, үйл ажиллагааны ил тод байдлыг, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг онцолсон байна. Тэрбээр стратегийн үнэлгээн дээр үндэслэн эрсдэлийг урьдчилан таамаглах, хямралаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Бачелет төвийг сахисан байр суурь, олон улсын эрх зүйг хатуу баримтлах нь гол зарчим байх ёстой гэж үзэж байна.
Ребекка Гринспан (Коста Рика)
Гринспан НҮБ-ыг мөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх гол хэрэгсэл хэмээн харж байгаа ба энх тайвныг сахин хангах нь хямралд хариу үйлдэл үзүүлэхээс гадна тэгш бус байдал, эдийн_ засгийн тогтворгүй байдал, улс орнуудын эмзэг байдал зэрэг суурь шалтгаануудыг арилгах шаардлагатай гэдгийг онцолжээ. Тэрбээр НҮБ-ын тогтвортой хөгжил, дэлхийн эдийн засагт үзүүлэх үүргийг чангатгаж, хөрөнгө оруулалт, хөгжиж буй орнуудыг дэмжих, байгалийн баялгийг тэгш хуваарилахад онцгой ач холбогдол өгч байна.
Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын байгууллагад итгэх итгэлийг сэргээх, практик үр дүнд тулгуурлахыг мөрийн хөтөлбөртөө онцолжээ. Мөн НҮБ-ыг шинэчлэхийн төлөө хүчтэй байр суурийг дэмжиж байна.
Рафаэль Гросси (Аргентин)
НҮБ шинэчлэгдэх ёстой гэж Гросси мөн үзэж байна. Тус байгууллагын үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхийн тулд тэрбээр зорилтот реформыг хийх, үүний дотор үйл ажиллагааны давхардлыг арилгах, цахимжуулах шаардлагатай гэж онцолжээ. Дайнаас урьдчилан сэргийлэх, хүрэх боломжтой үр дүн, хэмжигдэхүйц дэвшил, практик уялдаа холбоон дээр суурилсан ажлын прагматик модель руу шилжихийг санал болгож байна. НҮБ-ын хүний эрхийг хамгаалахад гүйцэтгэх үүргийг бэхжүүлэх, оролцоог өргөжүүлэх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, залуучуудын оролцоог дэмжих, иргэний нийгмийг хамгаалахын чухлыг онцолжээ.
Маки Саль (Сенегал)
Маки Саль НҮБ-д итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон талт байдлыг бэхжүүлэх, Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх, үүний тулд төлөөллийг нь нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахаар төлөвлөж байна. Мөргөлдөөнийг урьдчилан сэргийлэх, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, байгууллагын удирдлагын тунгалаг байдлыг хангах, бүс нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах зэрэг зорилгыг дэвшүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )