Дэлхийн 190 гаруй улсыг эгнээндээ багтаасан Нэгдсэн үндэстний байгууллага /НҮБ/-ын өдөр өнөөдөр /2018.10.24/ тохиож байна. Одоогоос 73 жилийн өмнөх энэ өдөр НҮБ-ыг байгуулах гэрээ албан ёсоор олон улсад хэрэгжиж эхэлсэн юм. Шинэ цагийн дэлхий ертөнцийн эхэн цагт тохиосон хоёр том дайны нурман дээр байгуулагдсан энэ байгууллага өдгөө олон үндэстний харилцаанд шинэ дэг журам тогтоож, дайны хүйтэн салхи дахин дэгдээхгүйн төлөө ажилладаг билээ. Монгол Улс туурга, тусгаар улс болмогцоо НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ удаа дараалан өгсний эцэст 1961 оны аравдугаар сарын 27-нд албан ёсоор гишүүнээр элссэн юм.
НҮБ-аас ӨМНӨХ "НҮБ"
Швейцарийн Женев хот. Үндэстнүүдийн лиг байрлаж байсан "Үндэстнүүдийн ордон"
1920 оны нэгдүгээр сарын 10. Дэлхийн нэгдүгээр дайнд сөргөлдөгч талыг толгойлсон Герман улс холбоотон гүрэн болох АНУ, Их Британи, Франц, Итали, Япон улстай Версалийн гэрээнд гарын үсэг зурав. Сараево хотын гудамжнаас эхэлсэн дайны хөлд 42.9 сая хүнээ алдсаны дараа холбоотон болон дайсагнагч талууд дэлхий нийтэд аюулгүй, амар амгалан ертөнцийг цогцлоохоор санал бодлоо нэгтгэжээ. Энэ үйл явдал болохоос яг жилийн өмнө дайны утаа арилаагүй байхад Версалийн энхийн хэлэлцээрээр Үндэстнүүдийн лиг байгуулах тал дээр үндсэндээ санал нэгдээд байлаа.
Франц тэргүүтэй 23 улс анхлан байгуулсан Үндэстнүүдийн лиг тухайн цаг үедээ дэлхий дахинд энх тайван тогтоох ажилд гар бие оролцож, толхилцоонтой бүс нутгуудад хэлэлцээ хийхийг эрмэлзсэн ч чадсангүй. Зохион байгуулалтын ойлгомжгүй байдал, Францын улс төрчдийн сөрөг үзэл, Прусс, Осман зэрэг том гүрнүүдийн ард жижиг гүрнүүд дайсагнаж байсан нь Үндэстнүүдийн лигийг ганхуулж байлаа.
1930-аад оны сүүлээр буурал тивийг үл ойлголцол, айдас түгшүүр нөмрөв. Ихэнх улсууд биедээ итгэхээ болисон нь Үндэстнүүдийн лигт ойлгомжгүй байдал үүсэх шалтгаан болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны үед ихэнх улсууд гарснаар зөвхөн нэр төдий л байгууллага болж хувирсан билээ. 1946 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр албан ёсоор татан буугдах хүртлээ Үндэстнүүдийн лигт 42 улс, орон гишүүнтэй байжээ.
Зүүлт: Үндэстнүүдийн лигийг байгуулах санаачилгыг АНУ анхнаасаа дэмжээгүй бөгөөд хэзээ ч гишүүнээр элсэн орж байгаагүй юм.
ДАЙНЫ ФРОНТ ДАХЬ НҮБ
1943 он. АНУ-ын Дайны мэдээллийн хорооноос гаргасан холбоотнуудын суртал ухуулгын зурагт хуудас
1939 оны есдүгээр сарын 01. Нацистын Герман Версалийн гэрээг зөрчин байж Польш улсад халдан довтлов. Үүнээс хойш хоёр хоногийн дараа Их Британи, Франц улс Германд дайн зарласнаар хоёрдугаар дайн дэгдсэн юм. Дайны эхний хоёр жил Молотов-Риббентропын гэрээгээр ЗХУ, Герман зарим цэргийн ажиллагаанд эвсэн оролцож байлаа. Гэвч 1941 онд Нацистын Герман байгуулсан гэрээгээ зөрчин ЗХУ-д халдан довтолсон нь дайны эцсийн үр дүн, дэлхийн түүхийг орвонгоор нь өөрчилсөн эргэлтийн цэг болсон юм.
1942 оны нэгдүгээр сар 01. Нэгдсэн үндэстний тунхаг батлагдав. Дайны фронтод холбоотон болж тулалдаж байсан их дөрөв буюу “АНУ, ЗХУ, Их Британи, БНХАУ” болон Франц, Польш тэргүүтэй 27 улс “Нэгдсэн Үндэстэн” гэх дээврийн дор нэгдсэн юм.
ЦАГДАА БОЛСОН НҮБ
Каирын уулзалтад оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельтийн тэмдэглэл
1943 он. Египетийн нийслэл Каир хотноо болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт хуралдааны үеэр “Дөрвөн цагдаа” гэх ойлголтыг тэмдэглэлийн дэвтэртээ зурж үлдээжээ. Угтаа дайны фронтод тулалдаж байсан дөрвөн их гүрэн /АНУ, ЗХУ, БНХАУ, Их Британи/ дэлхийн энх тайвны тогтооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн санаа.
Каирын уулзалтаас өмнө 1941 оны наймдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар уулзахдаа энэ тухай ярьж байсан ч ЗХУ тухайн үед Германтай эвсэх боломжтой байсан тул ажил хэрэг болголгүй орхиж байсан удаатай.
ВАШИНГТОНД БАДАМЛАСАН НҮБ
АНУ-ын Вашингтон хотод байх Дамбертоны эдлэнд болсон уулзалт. НҮБ байгуулах ажлыг анх удаа албан ёсоор хэлэлцэв
АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельт тэмдэглэлийн дэвтэртээ зурж байсан “дөрвөн цагдаа” 1944 онд Дамбертоны эдлэнд биеллээ олов. АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон “Дамбертоны уулзалт”-д Их Британийн гадаад харилцааны сайдын зөвлөх Александер Кадоган, ЗХУ-аас АНУ-д суугаа Андрей Громыко, Хятадаас Их Британид суугаа Уеллингтон Коо, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Эдуард Стеттинус нар НҮБ-ыг байгуулах, олон улсад энх тайван тогтоох үйл хэрэгт оролцох, бүтэц бүрэлдэхүүнийг тодорхой болгох, дэлхий нийтийн нийтлэг эрх ашгийг сахин хамгаалах бүтцийг тодорхойлсон юм.
НЭГДЭЛ БОЛСОН НҮБ
1946 оны нэгдүгээр сарын 10. Их Британи улс, Лондон хот. НҮБ-ын Ерөнхий ассамблейн анхдугаар хуралдаан
1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн Франц, Хятад, ЗХУ, Их Британи, АНУ болон бусад 46 үндэстэн гарын үсэг зурснаар олон улсад үйл ажиллагаа явуулах боломжтой болсон юм.
Байгуулагдсанаасаа хойш ердөө гуравхан сарын дараа буюу 1946 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Их Британийн нийслэл Лондон хотод Ерөнхий Ассемблейн анхдугаар хурал болж НҮБ-ын дүрэм, салбар байгууллагуудын гүйцэтгэх үүрэг, бүтэц бүрэлдэхүүн, жилийн төсвийг хэлэлцэн тогтоосон байна. Анхны хуралдаанаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Норвегийн Гадаад харилцааны сайд Тригви Лиг томилсон юм.
МОНГОЛ БА НҮБ
1961 оны аравдугаар сарын 27. АНУ-ын Нью-Йорк хот. НҮБ-д шинээр бүртгүүлсэн БНМАУ болон Мавритани улсын төлөөлөл
БНМАУ-ын Засгийн газар 1946 оны зургадугаар сарын 21-ний өдөр НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анхлан гаргасан байдаг. НҮБ төлөөлөгчийн газарт илгээсэн өргөх бичигт “БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, Нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааралдаа авч, НҮБ-д элсэх Монголын ард түмний хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж буйгаа онцолсон байна. Гэвч Хятад болон барууны орнууд тусгаар тогтнол нь баталгаажсан эсэх, тусгаар улс болох шалгуур шаардлага хангасан эсэхэд эргэлзэж байснаас шалтгаалан түдгэлзүүлжээ. Үүнээс хойш 1948, 1955, 1956 онд тус тус гаргасан ч мөн л энэ шалтгаанаар хойшилж байлаа. Хэдийгээр 1955 онд НҮБ-ын гишүүн Швед тэргүүтэй улс орнууд гишүүнээр элсэх 18 улсыг нэгэн зэрэг элсүүлэх асуудлыг дэмжсэн ч Аюулгүйн зөвлөлөөр унасан юм. Тухайн үед Чан Кай Ши-гийн төлөөлөгч БНМАУ-д хориг тавьснаар дахин хэдэн жилийг хүлээх хэрэгтэй болсон билээ.
1961 оны 10 дугаар сарын 25-нд Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн XXVI чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталжээ.
Б.Аззаяа
zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )