Туул гэдэг "ГАЙ"

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Туул. Баабар нийтлэлчийн гөрдсөнөөр “дүүрэн” гэсэн үг. Хэл шинжлэлийн утгаар яв цав “дүүрэн” гэдгийг нотолдоггүй ч орчин цагийн монгол хэлний “давж гарах, туулж барах” гэсэн утга илэрхийлнэ.

Туул гэдэг гол Ардын намынханд “гай” байсаар ирсэн. Дөчөөд онд модыг нь хяргаснаар эко системийн тэнцвэрт байдал алдагдаж гай тарьсан. 60-аад онд, дараа нь 80-аад онд үерлэж гай тарьсан. Нам дамжсан дарга нарын хараанд орж гай болсон. Гай болсны дүнд голоо дагасан цементэн ширэнгэ болсон юм. Системийн авлигын үр дүнг харъя гэвэл “Туул”-ыг харахад л хангалттай. “Алсын хараа: Хорь тавь” гэж уянгалсан МАН-ын 10-аад жилийн “засаглал” дээр намын зодооны жийргэвч болж гай тарилаа.

Туул голыг коммунистууд үзэж чаддаггүй юм билээ. Үүнийг түүх гэрчилнэ. Их хэлмэгдүүлэлтийн цусан нулимс хатаж амжаагүй байтал 1940-өөд онд ЗХУ-аас мод бэлтгэлийн завод байгуулж, бүтээн байгуулалтын материалаа өөрсдөө базаа гэж үүрэгдсэн. Хэлмэгдүүлэлт, дайн гээд эрчүүдээ хядаад дууссан Монгол Улсад хөдөлмөрийн фронтыг нөхөх “сайхан санаа” төрсөн нь хоригдлуудаар мод бэлтгүүлэх явдал байв. Зөвлөлтөд ГУЛАГ гэж бий тул хуулаад тавьчихад амар байсан байх л даа. Ингээд “хөдөлмөрч”-дийн давлагаа Туул голыг чиглэсэн юм. Хэнтийн нуруунаас эх авдаг энэ голын эхэнд мод гэдэг хэдэн зуугаараа. Ингээд 20 орчим жил хядаж гарсан даа. Хэнтийн нурууны мөсөн голоос эх авдаг энэ голын урсцын эх үүсвэр нь чухамдаа тэр их ой мод байсныг социализм “байгуулж” байсан Монгол Улс даанч анзаараагүй. Анзаарсан ч хойд ах нар үүрэгдсэн болохоор юуг ч үл хийсэн байх.

Туул голыг коммунистууд үзэж чаддаггүй юм билээ. 40-өөд онд Зөвлөлтийн дамжлага бааз байсан Монгол Улс хойд ах нарын даалгавраар Хэнтийн нурууны модыг хядсан нь Туулын урсацад нөлөөлж, 1966 оны их үерийн үндсийг тавьсан юм. 

Туул голыг “капиталистууд” үзэж чаддаггүй юм билээ. Ардчилсан нийгэмд хуучин хүрэмтэйгээ алхаж орсон дарга нар Туул голыг зүгээр байлгасангүй. Авлигын аалзны тор гээч зүйл Туул голыг онилов. 1990-ээд оны сүүлээр Туул гол орчимд аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр газар олгож эхэлсэн. Хөдөөгөөс хотыг чиглэсэн нүүдэл гэдэг их болж гэр хороолол уулаа дагаж тэлсэн бол голоо дагасан нь эрх мэдэлтнүүд, тэднийг долдойддог нөхдийн эцсийн хорогдох газар болов. 2000-аад онд хотын төвийн газар гэдэг олигархуудын оромж болсон тул Туулын эрэг дагуу газар олгож эхэлсэн. Ингээд хяналтгүй тэлсээр 2010-аад оноос хойш “цементэн ширэнгэ” бий болсон түүхтэй. Ширэнгэ бий болгосон энэ цаг мөчийн дийлэнхэд ах намын ах нар засаглаж байсан гэдгийг санах нь зүй.

Туул голыг намчид үзэж чаддаггүй юм билээ. “Чингис”, “Самурай” гэх олон гоё нэртэй бонд аваад сагаж байсан 2010-аад оны эхэн үед Туул гол намчдын хараанд дахин өртсөн юм. Тэр нь өдгөө ах намын дарга нарын зодооны жийргэвч болоод буй “Туулын хурдны зам” төсөл байлаа. Эхлээд далангаа дагаж босгох төлөвлөгөөтэй байсан. Даанч трасс нь байхгүй болж, “цементэн ширэнгэ” эзэлчихсэн учраас арай өөрийг сэтгэхгүй бол болохгүй болсон. Гэхдээ байна аа, мөнгө гэдэг тасраагүй юм шүү. Төсөл 2013 онд эхэлсэн. Эхэлсэнтэйгээ адил зогсчихсон. Төслийн “автор” гэгдэх “Бортуун” Б.Батбаяр өөрөө ордноос явсан ч “хичээл тасалдаг” хүүхэд нь одоо гишүүн сэтэртэй сууж байгаа. Улс төрийн нэг үе солигдож байхад “Туулын хурдны зам” төсөл боссонгүй. Харин ТЭЗҮ боловсруулах, төслийн судалгаа, донор орнуудын дэмжлэг гээд мөнгө гэдэг тасраагүй дээ. Бүтэн долоон жил ТЭЗҮ боловсруулж таг зогссон энэ төсөл 2020 оноос сураг алдарсан. Харин 2024 оны орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонх болсон Х.Нямбаатарын өнгөн дээр “Туулын хурдны зам” дахин сэргэж 2024 онд Нийслэлийн Засаг даргын А/1326 дугаар захирамжаар хэрэгжүүлэхээр болсон.

Туул голыг шинэ нийгэмд зүсээ буруулсан намчид үзэж чаддаггүй юм билээ. Үүнийг та Зайсан зүглээд харчихна. Туул дагасан цементэн ширэнгэ бол намыг нам дагаж, намаар тэжээлгэсэн бүтэн нэг үеийн уран бүтээл юм. Энэхүү уран бүтээлийг засаг атгасан МАН ч бай, цэнхэр шошготой АН ч бай, хоёр том намаа жингийн цуваа шиг дагах ХҮН, ҮЭ, ИЗНН ч бай бүгд хамтдаа бүтээлцсэн юм. 

Нэгэн жарны дотор хэд, хэдэн удаа үерлэж, “социализм”-ын бүтээн байгуулалтын золиосонд татарч, урсгал нь саарсан Туулыг аврах “сайн санаат” аврагчид гэнэт гараад ирсэн. Туулаа хайрлана гэнэ үү, аварч хамгаална гэнэ үү бүү мэд. Ямар ч атугай төслийн трасст голын урсгал дунд “зоох” зургаан багана Туул голын урсгалыг хааж, экосистемийг алдагдуулж мэдэх тул “Туулаа” хамгаалагчид “Avengers” шиг тэмцэж гарсан даа. Ийнхүү сошиал дүйвээнээр ажлаа хийхгүй гэж хөмсөг зангидаж байсан Н.Учрал энэ төслийг зогсоосон. Зогсоохоос өмөн Багануураас тодорсон “улстөрч” Сандаг сайд нь эхлүүллээ гэж чухал царайлж мэдээ цацаад байлаа л даа.

Төсөл нэгэнт явахаа байсан тул НИТХ сөрсөн базаа хийсэн. “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг НИТХ-ын санаачилгаар өрнүүлэхээр болов. Энэ тухай дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулсан байгаа юм. А.Амартүвшин өчигдөр болсон НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд танилцуулсан байна. Хөдөлгөөний гол зорилго нь усны нөөцийн хомсдол, бохирдолгүй усыг хойч үедээ үлдээх, хэрэгцээг хүртээмжтэй хангах, үерийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн усны дэд бүтцийн байгууламжуудыг барих, усны ухамсартай хэрэглээг бий болгоход чиглэнэ гэнэ. Жагсаалын эсрэг хөдөлгөөнийг эсрэг нэрээр нь иргэдийн хурал гэх байгуулал санаачилсан нь зодоон чухам яаж өрнөж байгааг битүүдээ хэлээд өгчихөж байгаа юм. Нэгэнт улс төрийн хувьд дэмжлэг авахгүй болсон тул Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Туулын хурдны зам төслийн бүтээн байгуулалтыг өнөө, маргаашгүй эхлүүлэхгүй. Олон нийтийн дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд оролцсон мэргэжлийн байгууллагууд, судлаач, эрдэмтэд олон нийтэд зөв мэдээлэл өгнө. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзалт зохион байгуулна" гэж мэдэгдсэн. Фракцын хэрүүлийн хөлд төслөө орхихгүй  гэсэн санаа л даа, хөөрхий.

Зүсээ сольж, хөшөөгөөр нүүрээ халхалсан ордон дотор суугсад хэтээсээ л “Туул”-д дургүй байж. Эрх мэдлийн өнгөнд нүдэнд орсон хог бус атганд нуух эрдэнэ мэт энэ голыг дагасан түүх гэвэл шуналын түүх, системийн авлигын түүх, фракцуудын зодооны түүх юм. “Туул” гэдэг уг нь давж туулах, сөрж гарахын нэр...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top