Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд 2023 онд байгуулсан “Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хоёр улсын яамдууд болон холбогдох байгууллагын төлөөлөл БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж, хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, бэлтгэл ажлын хүрээнд нэгдсэн ойлголтод хүрлээ.
Уг хэлэлцээр нь Хятадын жуулчдыг хил орчмын бүсэд 10 хүртэл хоногийн хугацаанд зорчуулах, Замын-Үүд–Эрээн чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах, “Цайны зам” түүх, соёлын маршрутыг хамтран хөгжүүлэх замаар аялал жуулчлалын салбарын сэргэлтийг дэмжих эрх зүйн чухал үндэс болж байна.
Уулзалтын үеэр БНХАУ-ын талаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт нэг өдрийн аяллын туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргав. Монголын талын хувьд аяллын үйл ажиллагаанд зөвхөн дотоодын тур оператор компаниуд оролцох, тээврийн үйлчилгээ болон хөтөч тайлбарлагчийг Монгол Улсын иргэдээр гүйцэтгүүлэх зарчмыг тууштай баримталж ажиллахаа илэрхийллээ.
Мөн талууд аяллын бүтээгдэхүүнийг зөвхөн боомтын бүсээр хязгаарлахгүйгээр Дорноговь аймгийн байгалийн тогтоц, түүх, соёлын өв, нутгийн онцлогт тулгуурласан нэг болон түүнээс дээш хоногийн маршрутаар хөгжүүлэх, нутгийн иргэдийн оролцоонд суурилсан гар урлал, үндэсний өв соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоог хамгаалах, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монголын түүх, соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.
Уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Б.Батмагнай, ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, ГИХГ-ын Виз зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхболд, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консул З.Лхагвадорж, Дэд консул Б.Амарбаясгалан, Гадаад иргэн харьяатын газрын Дорноговь аймаг дахь Газрын дарга Б.Батдулам, ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын шинжээч Л.Ариунзаяа, АЖМХ-ны Дэд ерөнхийлөгч В.Батзориг, АЖМХ-ны Хятад зах зээлийн салбар холбооны Гүйцэтгэх захирал Т.Бадрах-Ерөөл, Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Г.Ганбаатар нар оролцов.
БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын газрын Зах зээл хариуцсан дарга Ань Пин, Эрээн хотын Тэргүүн орлогч дарга Ван Шянчюань, Эрээн хотын орлогч дарга Хан Лижы, Эрээн хотын Аялал жуулчлалын газрын дарга Чан Мин, Эрээн хотын Гадаад харилцааны дарга Мөнх, Нийгмийг аюулаас хамгаалах яамны орлогч дарга Ун Юун Шин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )