Сонсголгүй төрийн СОНСГОЛ-2

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Гаднынхан бидэнд уг нь сонстол зөвлөгөө хэлдэг юм. Төсөв нь сахилга батгүй байна. Улс төрийн намууд нь клиентист шинжтэй байна. Эдийн засгийн бодлого чинь нэг л биш байна. Татварын бодлого чинь буруу байна. Эдийн засаг чинь нэг л салбараас хараат, экспорт чинь нэг л улсаас хараат байна. Ядуурал их, ажилгүйдэл их байна. Байна, байна гэсэн зөвлөгөө болгоныг гадна, дотнынхон тоочиход сонсдоггүй төр сонсгол гэдэг жүжгийг сүүлийн гурван жил тавьлаа. Жүжгийн найруулагч нь хөшигний цаадах ах нар. Тайзан дээр гарагчид нь ах нараар крандуулсан дарга нар. Яг хоёр жилийн өмнө нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулсан манай төр яг одоо нийслэлийн төсвийн асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна.

Ер нь явж, явж “Save Tuul” чинь Туул голыг хамгаалаагүй юм шүү дээ. Ардын намын ах нарыг л хамгаалсан төдий зүйл шүү дээ.

Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа аж. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод энэхүү зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэв. Одоо энэ Сангийн сайдад нэг зүйлийг заах хэрэгтэй байна. Төсөв, сангийн бодлого бол түүний уядаг морь мал биш. Нийслэлд хүн амын талаас илүү нь амьдарч байгаа учраас нийслэлийн төсөв өсөх нь гарцаагүй. Дээрээс нь нийслэл татваруудаа нэмсэн. Үйл ажиллагааны зардал нь ч өсөж байгаа учраас төсөв томорно, тэлнэ. Татвар нэрээр баахан сааснаа шилдэг 100 аж ахуй нэгж гэсэн “хөөрхөн” цом өгдөг компаниудын тал нь энэ хотод төвлөрч байна. Төсөв томрохын хэрээр зарлага нь ч нэмэгдэнэ. Хотын төсөв нэгдсэн төсөвт ерөнхий агуулгаараа нөлөөлөөд байгаа юм бол бусад улсууд шиг нийслэл хотод тусгай статус олго. Тэгэхгүй бол болохгүй. Тэглээ ч алдагдалтай төсөв баталсныхаа гайг нь хот дээр наах гэж байгаа бол бүр бүтэхгүй.

Сангийн сайд нь нэгдсэн төсвийн алдагдлыг хот руу бухах гэж үзэж байна лээ. Уг нь төсөв, сангийн бодлого гэдэг чинь түүний уядаг морь, мал биш.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нэр төрлийн татварын орлого, найман нэр төрлийн татварын бусад татвар эзэлж байна. 2022 оны төсвийн жилээс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэлийн төсвийн тодорхойлолтоор хуульчилсантай холбоотойгоор нийслэл, дүүргийн төсвийн орлогод томоохон өөрчлөлт орсон. 2024-2026 онд хийсэн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг авч үзвэл 2024 оны гүйцэтгэл 1 их наяд 811,4 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4 их наяд 657.2 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээ, мега төсөв нэмэгдсэнтэй холбоотой аж. Энэ нь ч уг нь тодорхой байсан л даа. Даанч ах намын ах нарын дохиураар Ардчилсан намынхан хөдлөөд нийслэлийн томоохон төслийг зогсоож, гацаах дээрээ тулчихаад байна. Одоо Ардын намынхан дараа нь Э.Бат-Үүл шиг юм яриад л сууна. Ардчилсан намынхан улдан эсэргүүцсээр байгаад зогсоосон одоо байгаагаар хар гэж бухна. Ардчилсан намынхан үүнийг нь мэдэхгүй “зайрмаг долоогоод” л шилээ маажаад зогсож байгаа. Ер нь байна аа, нийслэлд хүн амын тал нь оршин сууж байгаа учраас мега хот байгаа юм. Мега хотын асуудал нь ч мега. Мега учраас томоохон төслүүдээ улс төрийн чихэр болгочихгүйхэн шиг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид сонгууль бүрийн циклээр түгжээтэй, утаатай, уур бухимдалтай Улаанбаатартаа байсаар л байна. Ер нь явж, явж “Save Tuul” чинь Туул голыг хамгаалаагүй юм шүү дээ. Ардын намын ах нарыг л хамгаалсан төдий зүйл шүү дээ.

Ер нь сонсгол хийгээд л байдаг. Тэрийг нь хэн сонссон юм. Хэн ч сонсоогүй. Хэнд хариуцлага тооцлоо. Тооцоогүй. Одоо яг тооцно, харж байгаа гэж гүлдийсэн хэдэн дарга нар л байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top